\

Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Дугуй ширээний 6 дугаар уулзалт 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөв. Дугуй ширээний уулзалтыг монголын талаас Уул, уурхайн сайд бөгөөд Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга Р.Жигжид, канадын талаас Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд Сюзан Грегсон нар ахлан явуулж, Монгол, Канадын улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаа зэрэг харилцааны олон асуудлыг хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлуудаар мэдээлэл солилцов.

Монгол, Канадын Дугуй ширээний анхдугаар уулзалт 2003 онд Оттава хотноо болж байсан бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бүхий л асуудлыг хэлэлцдэг яриа хэлэлцээний үндсэн механизм юм. Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөршүүдийн нэг Канад Улс нь Монгол Улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ тэргүүлдэг орны нэг юм. Канад Улс хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг цөөн орны жагсаалтдаа Монгол Улсыг 2014 оноос багтаагаад байгаа болно.

Канадын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад хэргийн туслах дэд сайд Сюзан Грегон Дугуй ширээний уулзалтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт тус тус бараалхав.