Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Идэрийн Шүүхийн ерөнхий зөвлөлд өмгөөлөгч Ц.Баасандоржийн эсрэг гомдол гаргажээ.

Тэрээр “Ц.Баасандорж нэр төрд халдсан” гэх үндэслэлээр өргөдөл гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаад өгч шалгуулахаар өнөөдөр шилжүүлжээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Ч.Гансүх нарыг шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүгч хэрэгт барьцаанд орсон байж болзошгүй байдлаар оролцож байгаа. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байсан юм.

Өөрөөр хэлбэл Х.Идэр шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан ч энэхүү хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан. Харин Х.Идэр шүүгч нэр төрөө гутаан доромжлуулсан гэж үзэж, ийнхүү гомдол гаргаж шалгуулахаар шийдсэн байна. Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийнхөн ч шүүгчээ нэр төрөө гутаалгасан гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад ханджээ.

Энэхүү үйлдлийг “Шүүх прокурор, цагдаагийн байгууллагын эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн бүх хүнийг ялангуяа өмгөөлөөгчдийн амыг нэгмөсөн “таглах” арга. Тахарын албаны хамгаалалтад ажиллаж амьдардаг, таван сая төгрөгийн цалинтай, орон сууц нийгмийн асуудлаа бүрэн шийдвэрлүүлсэн шүүгчдийн эсрэг өмгөөлөгчид ч үг дугарах, үзэл бодлоо илэрхийлж болохгүй болсон цаг иржээ” гэж харах иргэд цөөнгүй байна.

А.Баярмаа