2015 оны 02-р сарын 24-25-нд шилжих шөнө “Brix” цэнгээний газрын 11 хамгаалагч дөрвөн залууг зодож, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэрэг өнөөдрийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 181.2.5 буюу бүлэглэн танхайрсан гэх үндэслэлээр 11 хамгаалагчийг байцааж байгаа ажээ.

Хамгаалагчид 3-4 цагийн турш архидан согтуурахдаа дөрвөн залууг өрсөлдөгч байгууллагын “тагнуул” хэмээн зодож байсан бөгөөд залуусын биеийг эрээн алаг болгосон байдаг. Тус цэнгээний газрын хувьд хамгаалалтын албатай гэрээ хийдэггүй, үндсэн ажилчид байдаг ажээ. Хэрэг гардаг өдөр 11 хамгаалагч гарч байсан бөгөөд дөрвөн залуугийн гар утсыг хураан авч энийг яаж таньдаг юм, ямар холбоотой юм гэх мэтээр зодож байсан ажээ. Улмаар icloud хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийг нь бичиж авсан бөгөөд гар утсыг нь хураан авч, гурав хоногийн дараа цагдаагаар дамжуулан буцаан өгсөн байна.

Хэрэг өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн цагдаад шалгагдаж байгаа бөгөөд энэ нь хэрэг шалгах хугацаа хэдийн өнгөрсөн гэсэн үг юм. Хуулийн дагуу өдийд хэргийг прокурорт шилжүүлэн шүүхийн шатанд явж байхаар хугацаа болсон. Харийн ийнхүү сунжруулж байгаагаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажилтан М ачаалал ихтэй байна хэмээн хохирогч талд тайлбарлаж, өнөөдөр маргааш хэмээн хойшлуулдаг байна. Тиймээс хохирогчид уг хэргийг шалгаж байгаа цагдаа ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай тул АТГ-т цагдаагийн ажилтанг шалгуулахаар болжээ. Эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын даргад өргөдөл өгөөд байгаа бөгөөд хариу ирэхийг хүлээж байгаа гэнэ.

Харин гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа “Brix” цэнгээний газрын 11 хамгаалагчийн дийлэнх нь ажлаасаа гарсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

А.Баярмаа