Гаальчдын хувь заяагаар хурууныхаа үзүүрээр наадаж суугаа О.Ганбат багаа бүрдүүлэх нэрээр аалзны тороо гаальд нэхэж эхэлжээ. Өнгөрсөн Баасан, Даваа гарагуудад ээлжит хууль бус тушаалуудаа гаргаж, гаалийн 69 байцаагчийг ажлаас нь гэнэт халжээ. Эхлээд ГЕГ-ын 12 газрын даргын тушаалыг уншсан байна. Оронд нь ирж байгаа газрын дарга нарыг түр орлон гүйцэтгэгч гэсэн нэрээр тавьж, ГЕГ-ыг ёстой л самарч эхэлжээ.

Гэнэт ажлаас нь халсан гаальчдад нөхөн олговор хэдэн зуун мянгаар нь олгуулж, ядарсан төсөвт нь дарамт нэмээд эхэлсэн байна. Буяныг хурааж, бузрыг арилгадаг гааль мэргэшсэн байгууллага болохоос биш хэн нэгэн түр орлон гүйцэтгэгчдээр удирдуулахдаа тулчихсан, О.Ганбатын гарын зугаа болох ёстой төрийн тусгай алба биш юм. Улайдаггүй Ч.Улааны хадам дүү О.Даваасүрэнтэй нийлж гаалиар тоглож, гаальчдын зовлонгоор жаргах эрхийг түүнд хэн ч өгөөгүй байлтай. Өмнө нь даргаар ажиллаж байсан Б.Цэнгэлийн ажилд авсан хүмүүсийг цэвэрлэж байгаа гэсэн нэрээр дураараа дургиж дунд чөмгөөрөө ингэж жиргэж байхад Сангийн сайд Б.Болор хаагуур нь явна гэж гаальчид халагласаар сууна. Халаа, сэлгээ хийхдээ намын угшлыг нь харж, албан ёсоор гишүүнчлэлээсээ түдгэлзчихээд байхад нь л жаахан “өө” гаргасан гэж үзсэнээ шүд сугалах аргаар халж байгаа юм байх. Замын-Үүдийн Гаалийн даргаар ажиллаж байсан, МоАХ-ын партизануудын нэг Б.Хишигбатыг шууд өөрчилж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Цогтоогийн дүү, Ж.Батзандан гишүүний хамаатныг улаан цайм зүтгүүлжээ.

Ингэж АН-ын угшилтай гаальчдыг хоморголон халаад байхад нам нь, лидерүүд нь нүдэн балай чихэн дүлий л сууцгаах аж. Тиймээс ч төрийн мэргэшсэн албан хаагчдыг аар шаархан шалтаг хайж, хуулийн сүржин заалт барин ажлаас нь халж байгааг гаальчид эсэргүүцэхээр нэгдэцгээжээ. Ямар ч үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан гаалийн байцаагчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлж, Захиргааны хэргийн шүүхэд О.Ганбатыг өгч, нэгийгээ үзэж, нэхийгээ тайлалцахаар болсон байна. Гаальчдын хувь заяагаар хээв нэг тоглох хүйтэн сэтгэлтнээр төрийн тусгай албаа тоглуулсаар суух уу Сангийн сайд Б. Болор оо хэмээх асуултад хариулт шаардаж байгаа аж.

Н.Ган

Н.Ган

Эх сурвалж: http://shuum.mn/