2015 оны 10 сарын 16-ны өдрийн 14.00 цагт "Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж ахуй, Халх гол чөлөөт бүс" сэдэвтэй уулзалт ярилцлага болсоныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.
Тэгвэл энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг нилээд эртнээс төлөвлөсөн, Халх голын сав газрыг чөлөөт бүс болгохыг дэмжүүлэх зорилготой хурал байсныг олон түмэн хараахан мэдээгүй байх. Учир нь хурлыг зохион байгуулагч хийгээд даргалагчийн зүгээс зохион байгуулалттайгаар Халх голын чөлөөт бүсийг эсэргүүцэж буй хүмүүсийг татан оролцуулж, ятган үнэмшүүлэхийг оролдсон байна. Тиймээс хурлын үеэр ширүүхэн маргаан дэгдсэнийг олон нийтээс хав даран өнгөрөөснийг энд сийрүүлэх нь зүйтэй биз ээ. Хамгийн гол нь Халх голыг эсэргүүцсэн олон нийтийн үг яриаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацахгүй өнгөрөөсөн нь учир мэдэх хүмүүсийн сонирхолыг татаад байна.
Халх голыг чөлөөт бүс болгох сонирхолтой эрх баригчид цөөнгүй. Тэгвэл үүний эсрэг Халх гол сумын иргэд хийгээд хуульчид ч дуу хоолойгоо хүргэсээр байгаа. Харин тэдний амыг барьж, өөрсдийн талд оруулах сонирхолтой Р.Бурмаа, Су.Батболд нарын нөхөд дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан гэхэд болно.
Мэдээж хэлэлцүүлэг нэрийн дор болж буй үйл ажиллагаа учир өмгөөлөгч Г.Батбаяраас эхлээд Дорнод, Халх сумын засаг даргууд санал бодлоо илэрхийлэх зорилготойгоор хуралд очсон байгаа юм. Ингэхдээ бүр хэлэлцүүлгийг зохион байгуулж буй эрхмүүдийн урилга, зарлагын дор Гэвч тэд хурлыг даргалагч УИХ-ын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд нарын хүмүүсийн хавчлага, дарамтаас болж багагүй бухимдалтайгаар хурлыг орхижээ.

Учир нь хурлыг даргалагч Су.Батболдын хувьд Халх голын чөлөөт бүсийг эсэргүүцэж байгаа Г.Батбаяр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нарыг үг хэлүүлэхгүй, янз бүрээр доромжилж сүрдүүлсэн байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Засаг дарга Бадамсүрэн "2015 оны 7 сарын 9-ний өдөр баталсан Халх голыг чөлөөт бүс болгох 75-р тогтоолоо хүчингүй болгож өгөөч" гэхэд "Чи ер нь юу мэддэг юм. Үүнийг УИХ мэднэ. Чиний талаар газрын асуудал гэх мэт өчнөөн баримт байгаа. Чамайг би цагдаад өгчихөж чадна шүү" гэх мэтээр Халх гол сумын засаг даргатай хамтатган загнаж, сүрдүүлсэн байна. Улмаар бусад хүмүүсээс чөлөөт бүсийн асуудлаар санал бодлоо хэлэх гэхэд нь "Би хурлыг даргалж байгаа. Та нар чөлөөт бүсийн асуудлаар дэмжиж байгаа зүйлээ л ярь" гэх мэтээр томорчээ.

Харин Г.Батбаяр өмгөөлөгчийн зүгээс "Дарга гэдгээрээ түрүү бариад байж болохгүй. Хүмүүс хэлэх гэснээ хэлэх хэрэгтэй байна. Дорнод аймгийн Засаг дарга тогтоолыг хүчингүй болго гэсэн нь зөв" хэмээн санал бодлоо илэрхийлэхэд Су.Батболд хариуд нь "Чи тэр Г.Сарангэрэлийгээ очиж өмгөөл. Чи агсам тавиад байгаа юм уу... Шүүх хуралд оролцож байна гэж бодоод байгаа юм биш биз дээ..." гэх мэтээр доромжилжээ.
Энэ үеэр "наад жүжгээ зогсоо, урьдаас бэлдсэн цуглаан байна" хэмээн хурлыг эсэргүүцсэн хүмүүс ч цөөнгүй байжээ.

Ийн Су.Батболдоор доромжлуулсан өмгөөлөгч Г.Батбаярын хувьд түүнийг хоёр үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулахаар болж, гомдол гаргаад байгаа аж. Тодруулбал, олон нийтийн өмнө гутаан доромжилсон, мөн Дорнод аймгийн Засаг даргыг гэмт хэрэг үйлдэж, газар луйвардсан мэтээр дайрч байгаа энэ асуудлыг нь шалгуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг Эрүүгийн хуулийн 110, 246. 247-р зүйлд зааснаар "гэмт хэргийг нуун далдалсан хийгээд гэмт хэргийг үл мэдээлсэн" гэдэг үндэслэлээр шалгуулах аж.
Тэгэхээр Су.Батболдын тэр Дорнод аймгийн Засаг ноёныг сүрдүүлээд байгаа гэмт хэргийн шинжтэй зүйл удахгүй илчлэгдэж, мөн гэмт хэргийг нуун дарагдуулж, түүнийгээ өөрт ашигтай хэлбэрээр ашиглах гэсэн нь тодорхой болвол багагүй асуудал дэгдэх нь дамжиггүй юм.

Д.Дуулим

Эх сурвалж: http://www.24tsag.mn/