ОХУ-д зорчих иргэдийн эрхийг хамгаална
2015/10/19
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хот дахь ОХУ-н Монополийн эсрэг холбооны алба болон Иргэдийн сайн сайхан байдал ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын албанд ажлын айлчлал хийжээ. Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш хойд хөршид зорчих манай улсын иргэд, бизнес эрхлэгчдийн урсгал нэмэгдсэн билээ. Тэгвэл хойд хөршид зорчих иргэд, бизнес эрхлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах, шударгаар бизнес эрхлэх нөхцөлийг нь бүрдүүлэх асуудлыг Т.Аюурсайхан холбогдох байгууллагуудын удирдлагуудтай ярилцаж тохиролцсон байна. Хойд хөршид зорчиж буй иргэд эрх нь зөрчигдвөл ОХУ-ын Иргэдийн сайн сайхан байдал ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын албаны тухайн орон нутаг дахь салбарт хандаж, тус байгуулагын зүгээс манай улсын иргэдийн гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж байхаар болжээ. Түүнчлэн иргэд, бизнес эрхлэгчид маань ОХУ-ын хилийг нэвтрэхдээ хүнд суртал, чирэгдэлгүй түргэн шуурхай нэвтэрч байх нөхцөлийг бүрдүүлэх талаар ШӨХТГ-аас холбогдох албаныхантай ярилцаж, уг ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болсон байна. Үүний зэрэгцээ ШӨХТГ нь ОХУ-ын Монополийн эсрэг холбооны албатай хяналт шалгалтын ажлын туршлага болон мэдээлэл солилцох ажлаа бодит үр дүнтэй үргэлжлүүлэхэд талууд санал нэгджээ.