Нийслэлчүүд энэ сараас архи тамхи дэлгүүрээс худалдан авах хийгээд зочид буудал, ресторан, баар, амралтын газраар үйлчлүүлэх бүрдээ татвар төлөх хуулийг мөрдөж буй. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд 10 тэрбумын татвар төвлөрүүлнэ гэх тооцоог гаргасан нь бий.
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хүрээнд өнгөрсөн сард батлагдсан тусгай журмын дагуу татвар төвлөрүүлэх ажил өдийд явагдаж байх учиртай. Гэхдээ өнөө хэр эрчимтэй үргэлжлээгүй байгааг онцлохыг хүслээ. Мэдээж, хуулийн хэрэгжилтийг хэвийн үргэлжлүүлэх бэлтгэл ажил нэлээд цаг авч буй тул одоогоор татвар төлөлт алга цоог байгааг албаныхан тодотгож байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Нийслэлээс бүх төрлийн согтууруулах ундаа тамхи борлуулдаг, зочид буудал, амралт, баар рестораны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж иргэдэд 18 удаагийн сургалт зохион байгуулж, 80 000 татвар төлөгч, иргэдийг хамруулсан байна.
Бэлтгэл ажил бүрэн хангагдсан тохиолдолд Нийслэлчүүд хүссэн ч хүсээгүй ч нэг хувийн татвараа төлж эхлэх хэлбэрт шилжинэ. Гэхдээ УИХ-ын дарга З.Энхболдын жиргэсэнчлэн архи, тамхи хэрэглэж, баар сав хэсэхгүй бол татвар төлөхгүй.
Мөнхүү журам батлагдангуут татвараа төлөөд эхэлсэн дуулгавартай ААН-үүд цөөнгүй байгааг ч албаныхан тодотгож. Албан ёсны тооцооллоор 5 мянга гаруй суутгуулагч дундын зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс 1700 орчим ААН кассын машинтай тул их бага хэмжээгээр хуулийн хэрэгжилтэд нэмэр тусаа өргөж эхлээд байгаа аж.
Өчигдөр Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл тэдний төлөөлөлтэй уулзахдаа "Та бүхэн бол татвар суутгагч. Татвар гэдэг хуримтлалын сан гэсэн үг. Энэ санг зөв зарцуулж байж бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэнэ. Энэ хурлаар татвар суутггач нартай хамтарч бий болгосон хуримтлалыг хэрхэн юунд зарцуулахаа шийдэж , бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаарх та бүхний саналыг сонсоно” хэмээн онцолсон.
Дундын зуучлагч ААН-үүд 1.5 сая төгрөгөөр кассын машин худалдаж авах ёстой гэх яриа явж байсан. Харин энэ мэдээллийг Нийслэлээс үгүйсгэж, нэг хувийн татвар шингээсэн болохыг гэрчилсэн баримт үйлчлүүлэгч нарт олгогдох учиртайг уламжлаад байгаа. Нэг хувийн татвар төлөх болсонтой холбогдуулан олон нийтэд сурталчлах, ААН-үүдийг энэ төрлийн мэдээллээр хангах, чадавхжуулах ажлууд ямартай ч хийгдээд эхэлжээ.
Нийслэлчүүд нэг хувийн татвар төлөх хуулин дор 20 хонож байгаа энэ үед иргэн та хэр олон удаа татвар албан ёсны баталгаажилт бүхий баримт авснаа тоолоод үзэхэд гэмгүй. Энэ нь эргээд таны амьдралын зөв хэвшлийг харуулах үзүүлэлт болох юм.
Нөгөө талаас төдийлөн эрчимтэй хэрэгжээгүй байгаа энэ өдрүүдэд бид татвар төлөлгүй, сүх далайтал бух амар гэгчийн үлгэрээр явж байгааг онцлууштай.
Ж.Мядагбадам
Эх сурвалж: www.TODAY.mn