Г.Эрдэнэбат: Прокурор яллах чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа
2015/10/22
Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа.
Алтанхуяг гишүүн прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө өргөн барьсан. Өөрөөр хэлбэл прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээхээр санал оруулсан байгаа. Энэ тал дээр танай байгууллага ямар байр суурьтай байна?
Манай байгууллага прокурорын яллах чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ энэ нь өмнө нь прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны ажиллаж байсан шиг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч гэх мэт тусгай субъектийн хэргийг харьяалж анхнаас нь эдгээр хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийддэг байгууллага биш. Харин нэгэнт үүсгэчихсэн эрүүгийн хэргийг цааш нь шүүхэд өгч яллах хүртэл шалгах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах чиглэлээр прокурорын яллах чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
Өөрөөр хэлбэл ямар цагдаагийн, авилгын, тагнуулын, байгууллагын мөрдөн байцаах алба шиг гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг анхнаас нь хүлээж аваад шалгаад явдаг биш. Эдгээр байгууллагууд хуулийн харьяаллын дагуу шалгачихсан хэргээ үргэлжлүүлээд яллаад гүйцээгээд явахад ямар нэг объектив болон субъектив хүчин зүйлийн улмаас саад учрах, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа удаашрах, шалгах шаардлагатай зүйлийг шалгахгүй гэх мэт хүндрэл бэрхшээл практикт их гардаг.
Энэ асуудлыг шийдвэрлэдэг дэлхийн улс орны шалгарсан туршлага бол прокурор дэргэдээ дэмжлэг үзүүлэх албатай байж түүгээрээ өөрийнхөө бусдаас хараат бусаар тууштайгаар яллах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлдэг алба байх нь чухал гэсэн байр суурьтай байгаа.
Тэгвэл тусгай субъект гэж яриад байгаа Шүүгч, прокурор, мөрдөн байцаагчийн үйлдсэн хэргийг хэн шалгах юм бэ? Энэ хэргийг шалгах ажил эзэнгүйдэх юм биш үү?
Угаасаа прокурорын дэргэд мөрдөн байцаах алба байгуулагдсанаар асуудал шийдэгдэнэ гэвэл энэ өрөөсгөл ойлголт юм. Тэгвэл прокурорын дэргэд байгаа мөрдөн байцаах алба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчийн үйлдсэн гэмт хэргийг шалгана гэвэл прокурорын үйлдсэн гэмт хэргийг энэ байгууллага шалгах уу үгүй юу гэдэг нь өөрөө эргэлзээтэй асуудал болж хувирна.
Тиймээс прокурорын дэргэд байвал найдвартай авилгатай тэмцэх газрын дэргэд байвал найдваргүй гэж бодох нь бодит үндэслэлгүй асуудал болно. Энэ асуудлыг бусад улсын туршлагаас санаа аваад шийдвэрлэе гэвэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулдаг байгууллагуудад нь зөрүүлээд бие биед нь хяналт тавих боломжтойгоор хуульчилж болно.
Жишээ нь: Цагдаагийн алба хаагчдын үйлдсэн хэргийг тагнуулын байгууллага, тагнуулын байгууллагын албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийг авилгатай тэмцэх газар, авилгатай тэмцэх газрын үйлдсэн хэргийг цагдаагийн байгууллага шүүгч, прокурорын байгууллагын албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийг гэмт хэргийн харьяаллаар нь эдгээр бусад байгууллага шалгана гэх мэтээр шийдвэрлэж болдог.
Ийм туршлагыг харгалзан боловсруулж байгаа эрүүгийн хэргийн шалган шийдвэрлэх хуулийн төсөлдөө тусган явах нь илүү оновчтой болов уу гэж бодож байна.
Хүмүүсийн хандлага бол Авилгатай тэмцэх газар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах нь буруу. Энэ байгуулагын мөрдөх чиг үүргийг болиулж цагдаа, тагнуулын байгууллага прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд харьяалуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Энэ дээр танайх ямар байр суурьтай байна?
Нэгэнт бид авилгатай шийдвэртэй тэмцэнэ гэж авилгын эсрэг конвенцод нэгдэн орж бие даасан хараат бусаар байгууллага байгуулсан юм чинь авилгын хэргээ энэ байгууллага л шалгах ёстой. Түүнээс биш авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах гэдэг нэрийн дор энэ хэргийн харьяаллыг өөр нэг байгууллагад шилжүүлснээр асуудал шийдэгдэнэ гэвэл том эндүүрэл болно. Энэ байгууллагын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж болох боловч үйл ажиллагааг иж бүрэн цогц болгох нэг шалгуур болсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх мэдлийг авах нь өөрөө төдийлөн оновчтой биш гэж бодож байна.
Баярлалаа.