БНХАУ-ын иргэн Ван Жиен Гуог саатуулсан талаар ИХШХЕГ-аас тайлбар хийлээ
2015/10/22
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч гадаадын иргэнийг хууль бусаар саатуулж, мөнгө нэхсэн гэх мэдээлэл 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас БНХАУ-ын иргэн Ван Жиен Гуог ямар үндэслэлээр саатуулсан талаар мэдээлж байна.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын 93141018 дугаарын утсанд 9696… дугаарын утаснаас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Айриш Роял” зочид буудалд БНХАУ-ын иргэн иргэдээс их хэмжээний үнэт чулуу худалдаж авч байгаа тул тус иргэний виз, визийн ангилал, холбогдох зөвшөөрлийг шалгуулах талаар хандсан байна.
Иргэнээс ирүүлсэн мэдээллийн талаар Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын байцаагч харьяалах нэгжийн даргад илтгэх хуудсаар танилцуулсаны үндсэн дээр хаягийн дагуу очиж шалгахад БНХАУ-ын иргэн Ван Жиен Гуо гэх биедээ паспорт паспортыг орлох бичиг баримтгүй, өөрийн бичиг баримтыг хаана байгааг мэдэхгүй, бизнес ангиллын 1 удаагийн 30 хоногийн хугацаатай визээр Монгол Улсад ирсэн гэх боловч уригч аж ахуйн нэгж, байгууллагаа мэдэхгүй, Монгол Улсад чулууны наймаа хийхээр ирсэн, худалдаж авсан чулуугаа Дорнод аймагт айлын гражад хураасан гэх тайлбар гаргасан.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн иргэнийг хэн болохыг тогтоох зорилгоор 10 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагт саатуулан, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэгт заасны дагуу БНХАУ-ын Элчин сайдын яаманд мэдэгдэн, холбогдох шалгалтыг хийж гүйцэтгэсэн боловч гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн бүртгэлийн санд ямар нэгэн бүртгэл хийгдэж байгаагүй, тодорхой зорилго, уригч, байгууллага, аж ахуйн нэгжгүй боловч Монгол Улсад хил орчмын зорчих үнэмлэхээр байнга зорчдог нь тогтоогдсон. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасны дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мэдэгдэн тус шүүхийн 192 дугаартай 14 хоног саатуулах тухай гаргасан захирамжийн дагуу саатуулсан байна.
БНХАУ-ын иргэн Ван Жиен Гуотой хамтран ажилладаг гэх Монгол Улсын иргэн Г.Түмэнжаргал гэгч нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр түүний паспорт бичиг баримтыг авч ирснээр тухайн иргэнийг саатуулсан үндэслэл арилсан тул саатуулах байрнаас чөлөөлж, хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэн ажилласан болно.
БНХАУ-ын иргэн Ван Жиен Гуо гэгч нь бусдыг залилан мэхэлсэн талаар Монгол Улсын иргэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасныг хүлээн авч шалгаж байгаа талаар тус цагдаагийн хэлтсээс манай байгууллагад 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн.
Манай байгууллагын албан хаагчид гадаадын иргэнийг үндэслэлгүйгээр саатуулсан, мөнгө төлөхийг шаардсан, дарамталсан, тус иргэний эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл гарга