Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад дөрвөн цагийн хугацаатайгаар ажлын айлчлал хийгээд буцлаа, өчигдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр жилийн өмнө Япон улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн гэрт тусгайлан зочилсон юм. Тэгвэл хоёр жилийн дараагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилга батжиж, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад хийсэн ажлын айлчлалынхаа эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, тэр дундаа “Их тэнгэр” цогцолборт байрлах өргөөнд нь саатав. Ингэснээр хоёр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хувьд онцгойлон гэртээ зочилдог дэг жаяг уламжлагдсан нь энэ.

Харин монголчууд Японыг ингэж их царайчилж, гуравдагч хөршөөрөө тодотгосон нь Монголын эдийн засагт сэргэлт болгох гэсэн алхам гэж гадныхан анхаарч байна. Ийм ч байж болох. Өмнө нь манай хойд, урд хөршийн төрийн тэргүүн нар ээлж дараатайгаар Монгол Улсад айлчилсан. Айлчлалаас Монгол Улс юу хожив. Байгуулсан гэрээ, хэлэлцээр хэрэгжсэн ч тун байгаа. Тиймээс Монгол Улс мөнхийн найрамдалт ОХУ, Хятадын дараагаар Японыг сонгосон нь эдийн засагт сэргэлт авчрах, бас том аврал боллоо гэж үзэхээр.

Учир нь Японы тал Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд манайтай хамтрахаар боллоо. Хэдэн жилийн турш төмөр зам тавих асуудлыг ярьсан. Дорвитой шийдвэрийг гаргаж чадаагүй, хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг шийдээгүйгээр өнөөдрийг хүрсэн. Тэгвэл төмөр зам Японы талын хэлэлцээтэйгээр урагшлахаар болж байна. Үүнийг бататгаж Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ нь Японы Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд зурагдсан, стратегийн түншлэлийн асуудлыг шийдвэрлэсэн том гарц болсон гэхэд болно.

Мөн айлчлалын хүрээнд Монгол Улсын дэд бүтцийн томоохон төслүүдэд хамтран ажиллах, талууд бүс нутгийн болон олон улсын тавцанд хамтран ажиллах, НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан бие биенээ дэмжин ажиллахаа нотлож, гуравдагч хөрш Япон улс Монголд найрсагсаар хандлаа.

С.БАЯСГАЛАН

Эх сурвалж: http://www.newscom.mn/