Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
2015/10/26
Монгол Улсын Шадар сайд, Баянхонгор аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2015 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Засаг даргын захирамжаар Баянхонгор аймгийн хэмжээнд 2015 оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжсэн.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагын оролцоог хангах, түншлэл хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байна.
Баянхонгор аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог, тарваган тахал өвчний байгалийн голомттой, уул уурхайн осол, хүчтэй салхи шуурга, хүн, малын халдварт өвчин ихэвчлэн тохиолддог.
2015 он гарсаар эхний 10 сарын байдлаар ой, хээрийн болон ахуйн гал түймрийн тохиолдол 48 удаа, хүн, мал, амьтны халдварт өвчин, хүчтэй салхи шуурга нийт 12 удаа тохиолдсон байна. Мөн газар хөдлөлтийн 4 удаагийн чичирхийлэлт бүртгэгдэж, гол, нуурын усанд 5 хүн, уул уурхайн ослын 2 удаагийн тохиолдлоор 4 хүн нас баржээ.