Монголын улс төрийн тогтолцоо мухардалд орсон уу
2015/10/27
МАН-ын "Бид хамтдаа" үндэсний форум өчигдөр Төрийн ордонд танхим дүүрэн хүнтэй эхэллээ. Хамтдаа зөвшилцөхөөр улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл нэгэн дээвэр дор цугласнаараа онцлогтой байв. Нээлтийн үйл ажиллагаанд МАН-ын дарга М.Энхболд үг хэлж, ИЗНН, МАХН, МҮАН-ын удирдлагууд нийгэм, эдийн засаг, улс төрийн талаар илтгэл тавьсан юм. Тэд өнөөгийн хямралт нөхцөл байдлын бурууг бусад руугаа чихэх биш хамтдаа даван туулах ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Үүний дараа салбар хуралдаанууд эхэллээ. Манай сурвалжлах баг "Улс төрийн тогтолцоо ба зөвшилцөл" салбар хуралдааныг сурвалжилсан юм. Хамгийн түрүүнд "Улс төрийн тогтолцооны тулгамдсан асуудлууд ба зөвшилцлийн аргаар шийдвэрлэх арга замууд" сэдвээр МУИС-ийн Улс төрийн тэнхмийн эрхлэгч доктор С.Мөнхбат, Улс төрийн тогтолцооны саармагжилт сэдвээр Төрийн соёрхолт инженер Н.Нацагням, Ардчиллын төгөлдөршил Зөвлөлдөх ардчилал сэдвээр Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар нар сонирхолтой илтгэл тавьсан юм . Тэдний илтгэлийг та бүхэнд товчлон хүргэж байна. Судлаачдыг илтгэл тавьж дууссаны дараа төлөөлөгчид асуулт асууж, хариулт авлаа.
С.Мөнхбат: Уг нь бид хүнд биш тогтолцоонд итгэх ёстой
-Монголын улс төрийн тогтолцоог сайжруулахад бид юунд анхаарах ёстой вэ. 1992 оноос хойш шинэ Үндсэн хуулийн хүрээнд улс төрийн ардчилсан тогтолцоо бодитоор бий болсон. Энэ тогтолцоо үнэхээр бодит байна гэдгийг дараах хүчин зүйлээр тодорхойлдог. Нэгдүгээрт улс төрийн ардчилсан зохион байгуулалт, олон намын тогтолцоо, сонгуульт ардчиллын механизм бүрдсэн, өмчийн олон хэлбэр зонхилсон зах зээлийн эдийн засаг бодит утгаараа бий болжээ. Хүний эрхийг хангах хамгаалах, эрх зүйн орчин бүрдсэн. Бүтэц талаасаа ардчилал бодитойгоор бүрэлдэн бий болсон. Азийн барометр судалгааны эмхтгэлд Монгол болон Азийн зургаан орныг судлаад улс төрийн тогтолцоог нь компьютертэй зүйрлэсэн байгаа юм. Техник болон программ хангамж хоёулаа бүрдэж байж компьютер ажиллана. Яг үүнтэй адил зарчмын хувьд тогтолцоо зөв бүрэлдэх ёстой. Ингэж зөв бүрэлдснийг нь цааш нь залж, удирдах нь чухал. Энэ судалгаагаар Монголыг техник хангамж буюу харагдах байдлынхаа хувьд болсон байна. Гэхдээ ардчиллыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, бэхжүүлэх бодлого хөтөлбөр дутагдалтай байна гэж үзсэн байна лээ. Үүнтэй би санал нэг байгаа юм. Монгол Улс цаашаа тогтвортой хөгжихийг хүсвэл урт хугацааны шинжлэх ухаанд суурилсан бодлоготой болох шаардлагатай. Аль ч нам засгийн эрх авсан зөвхөн тэр бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Ингэхдээ намын үзэл баримтлалаараа ялгарч, өрсөлддөг байх арга зам уруу явах нь зүйтэй. Улс төрийн тогтолцоог бүрдэж бий болоход 1990 онд нийгмийн бүх хүрээг хамарсан шинэчлэл өөрчлөлтийг хийсэн. Гэтэл нийгмийн салбар болгонд асуудлууд хуримтлагдсаар байгаад хүрээгээ тэлэх хандлагатай байна. Чөлөөт зах зээлийн эдийн засаг материалаг байдлыг шүтэх хандлагыг бий болгож байна. Субьектив талаасаа улс орныг цааш нь тогтвортой аваад явах бодлого хэрэгтэй байна. Улс төрийн намууд дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртэй өрсөлдөөд засаг солигдоход бүх зүйл солигддог. Ингэснээр төрийн бодлогын залгамж чанар алдагдаж байна. Үндсэндээ 1990 оноос хойш оюун санааг зангидах үзэл концевцийг бий болгоогүй байна. Сүүлийн үед хувийн болон бүлгийн ашиг сонирхол улс төрийг хөтлөн жолоодох хандлагатай болсон нь харагдаж байна. Үүний тодорхой жишээ нь хуулиас дээгүүр улстөрждөг явдал юм. Энэ нь эргээд хууль эрх зүйн системээ эвдэж байна. Дараагийн нэг асуудал бол 1990 оноос хойш нийгмийн сэтгэлгээг хэт задалсан. Хэдийгээр ардчилсан нийгэм, олон ургальч үзэл байх боловч нийгмийн сэтгэлгээг хэт задалсан нь эргээд нийгмээ нэг онолд нэгдсэн концевцид хумихад хэцүү болж байна. Иргэд Монголын улс төрийн тогтолцоог хэрхэн үнэлж дүгнэж байна вэ гэдэг судалгааны дүнг танилцуулахаар шийдлээ. Эндээс харахад 2008 оноос хойш хийсэн судалгаанаас харахад улс төрийн тогтолцоогоо үнэлэх иргэдийн үнэлэмж буурсаар байна. Ганцхан тогтолцоо биш улстөрчдөд, улс төрийн намуудад итгэх итгэл суларч байна. Ер нь ардчилсан нийгмийн давуу тал бол хүний сайнд итгэхээсээ илүүтэй тогтолцоонд итгэдэг. Тиймээс цаашдаа бид хүний давуу талд итгэх биш тогтолцоогоо сайжруулах ёстойг энд дурдмаар байна.
Н.Нацагням: Бид ардчилалд хайртай гэчихээд популизмтай тэмцэнэ гэж ярьж болохгүй
- Ардчилалд орсон орнуудын эдийн засаг муудаж байгаа зүй тогтол ажиглагдаж байна. Грекийн Афины ардчилал тэгж дампуурсан. 2500 жилийн өмнө дэлхийн ядуурал үүсгэсэн. Үүнээс нь болж бурхан багш будда, есүсийг бий болгосон. Ардчиллын буянаар шашин ч хүртэл үүссэн байх нь. Бидний яриад байдаг парламент гэдэг сайхан үг чинь дэлхийн түүхэнд олигархи гэж нэрлэдэг байж. Тэгэхээр бид аавдаа хайртай гэчихээд "Би эцэгтээ хайргүй" гэвэл утгагүй байхгүй юү. Үүнтэй адил парламент засаглал байвал тэнд олигархи засаглал байна л гэсэн үг. Энэ бол бараг л нэг үг. Бид ардчилалд хайртай гэчихээд популимзтай тэмцэнэ гэж ярьдаг. Ахдаа хайртай гэчихээд, агаагаа муулж болохгүйтэй л агаар нэг. Өнөөдрийн америкийн эрдэмтэд "та нар популизм амлачихаад яагаад фашизм хүчирхийлэл хийгээд байна вэ" гэж хашгирч байна. Ямар ч засаглалыг сонгосон үр дүн нь тийм ч сайн гарахгүй. Нэг хүний засаглалыг сонголоо гэхэд популизмийг цэвэрлэдэг сайн тал бий. Гэхдээ муу яагаад 60 жилийн дараа дампуурдаг. Дампуурангуут нь автоматаар парламентын засаглалд шилждэг. Хаанаа алаад шилжсэн ч түүх бий. Парламентын засаглалд сайн тал байгаа гэхдээ ялгаагүй дампуурдаг. Ингээд бүгд дампуураад олон мянган жил эргэж байсан түүх бий. Модун Шаньюгийн үед эрлийзжиж байсан. Үүнийг Ромчууд тэднээс Швейцариуд хуулсан. Эрлийзжээд нэг цэг болохоор нь түүнийг цавуудаж тогтоохгүй бол буцаад задардаг юм байна. Үүнийг нь төрийн үзэл суртал гэдэг юм байна. Бүх тогтолцооноос тодорхой хэмжээгээр авч улс төрийн тогтолцоог саармагжуулах ёстой.
Г.Занданшатар: Тогтолцоог авч явах ёстой институци нь өөрөө хямралд орсон байна
- Монголын болоод дэлхий нийтийн ардчилалд яагаад аюул тулгарч байна вэ гэдийг судалж үзэхэд хуулийн сул дорой байдал нөлөөлж байгаа. Улс төр өгөө аваа, найз нөхдийн зарчмаар шийдэгдэх асуудал Монголд тулгарч байна. Дөрвөн хүний гурав нь манайд шударга ёс байхгүй гэсэн хариулт өгч байна. Гүйцэтгэх засаглал, Үндсэн хууль, парламент, иргэний нийгэмтэй холбоотой багц асуудал байна. Манайх хариуцлагын хямралаар байнга уруудсан үзүүлэлттэй байгаа. Дэлхийн банкны болон бусад байгууллагын гаргаснаар хариуцлага гэдэг хариу өгөх чадвар, энэ болохгүй байна гэж гомдол гаргахад хариу өгөх чадварыг хэлдэг. Тогтолцоог авч явах ёстой институци нь өөрөө хямралд орсон учраас зорилго, чиглэл бүдэг болж байна. Эдийн засгийн хямрал гэдгээр ядуурал, орлогын тэгш бус байдал нь муу засаг бүрдэж байгааг харуулж байна. Үүний улмаас ардчилал хямралд орж байна. 1992 оны анхны сонгуульд иргэдийн 92 хувь нь санал өгч байсан бол өнөөдөр 60 гаруй хувь санал өгч байна. Сант Маргадын судалгаанаас харахад иргэдийн 55 хувь нь Ерөнхийлөгчид итгэхгүй, 62 хувь нь УИХ, хуулийн байгууллагуудад 50 хувь нь, улс төрийн намуудад 67 хувь нь итгэхгүй байна. Ард түмний итгэл байхгүй болчихжээ. Үүнийг итгэлцлийн хямрал гэж нэрлээд байгаа юм. Азийн соёл төр дээдлэх зарчмаар эрхэмлэдэг. Энэ алдагдаж байгаа нь хамгийн том асуудал. Иргэдийн төрд итгэх итгэл ямар муу байгааг харуулж байна. Тиймээс зөвлөлдөх ардчилалын тухай ярих шаардлага үүсч байгаа юм. Бид монгол хүний саруул ухаанд итгэдэг учраас аливаа асуудлыг хамтдаа зөвлөлдөж гарц шийдлийг нь олж чадна. Яг ийм байдлаар ард түмнийхээ санал, оролцоотойгоор эрх мэдэлтнүүдийг сонгож яагаад болохгүй гэж. Зөвлөлдөх ардчиллыг зөвшилцөхтэй хольж ойлгож болохгүй.
С.Пуужин