Олон улсын эрдэмтэд Монголд чуулна
2015/10/27
Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Исламын Бүгд Найрамдах Иран улсад айлчлах үедээ Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан Монголын Эл хаадын улсын түүхийг хамтран судлах тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төв хамтран “ХИЖРИЙН 7-8, НИЙТИЙН ТООЛЛЫН XIII-XIV ЗУУНЫ АЗИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛС – ГЭРЭГЭ /ПАЙЗ/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо /Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд/ зохион байгуулах гэж байна.
Тус хурлын талаар холбогдох албаны хүмүүс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13.00 цагт Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хуралд Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн яамны зөвлөх Мехрдад Киаей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Д.Тод нар оролцоно.
Олон улсын хуралд Исламын Бүгд Найрамдах Ираны улсын эрдэмтдээс гадна Япон, Солонгос, Казахстан, ОХУ, БНХАУ, БНТУ, БНЭУлс зэрэг олон улсын эрдэмтэн, судлаачид оролцоно.
Мөн тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд зориулан доктор О.Нямдаваа, зураач С.Чулуунбаатар нарын бүтээл, цуглуулгын “МОНГОЛ ИЛЬ ХАНТ УЛС” үзэсгэлэнгийн нээлтийг Төрийн түүхийн музейд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15:00 цагт хийх аж.
Уг хурлаар XIII-XIV зуунд Азийн соёл иргэншилд монголчуудын дэлгэрүүлсэн Гэрэгэний нийгэм, улс төр, эдийн засгийн ач холбогдлын тухай хэлэлцэхийн хамт Монголын Иль хаадын явуулж байсан гадаад дотоод бодлого, хойч үедээ үлдээсэн өв, уламжлалын тухай асуудлаар гадаад дотоодын эрдэмтэн мэргэд цугларан санал дүгнэлтээ дахин шүүн тунгааж, шинэ шинэ баримт хэрэглэгдэхүүн, дүгнэлт гаргалгаагаар Иль хант улс, Монголын эзэнт гүрний судалгааны сан хөмрөгийг улам баяжуулах нь эргэлзээгүй юм.