“БИД ХАМТДАА” үндэсний форум гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна
2015/10/28
Монгол Ардын Намаас санаачлан зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форум гурав дахь өдрөө Тусгаар тогтнолын ордонд амжилттай үргэлжилж байна. “Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд” нэгдсэн хэлэлцүүлэг 10.00 цагаас эхэлсэн бөгөөд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэлцүүлэгт оролцож буй илтгэгчид, хүрэлцэн ирсэн зочдод хандаж үг хэлсэн юм. “Бид хамтдаа” үндэсний форумын гурав дахь өдрийн нэгдсэн хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр даргалж бөгөөд тэрбээр хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн зочдод өнөөдрийн нийгмийн асуудлын талаар товч мэдээлэл хийсэн байна. “Нийгмийн бодлого тулгамдсан асуудлууд, гарц шийдэл” сэдвээр МАН-ын Бага хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг илтгэл тавилаа. “Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлэл хийсэн юм. Яг одоо “Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдвээр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар мэдээлэл хийж байна. “Бид хамтдаа” үндэсний форумын гурав дахь өдрийн нэгдсэн хэлэлцүүлгийн өндөрлөсний дараагаар салбар хуралдаанууд 12.00 цагаас эхэлнэ. “Боловсрол, соёл, ШУ-ны салбарын өнөөгийн байдал тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам”, “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Хүүхэд, залуучуудад тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, залуучуудын талаар Төрөөс баримтлах бодлого”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, ахмадын талаар төрөөс баримтлах бодлого”, “Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүд, гэр бүлийн гүйцэтгэх үүрэг, оролцоо”, “Ажилгүйдэл, ядуурлын нийгмийн хөгжилд үзүүлэх сөрөг нөлөө” сэдвээр салбар хуралдаанууд үргэлжилнэ.
Д.СҮХ
Отгон · 2015/10/28
Энэ форумаас их юм хүлээж байгаа шүү