Хэлэлцүүлэгийг дараагийн шатанд гаргахыг боловсрол, соёл, ШУ-ны салбарынхан хүслээ
2015/10/29
Тулгарах бэрхшээлийг хамтдаа тодорхойлж, туулах гарцыг хамтдаа эрэлхийлье уриатай “Бид хамтдаа” Үндэсний форум МАН-ын Тусгаар тогтнолын ордоноо үргэлжлэн амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэхүү үндэсний хэмжээний форум нь салбар бүрийн шилдэг эрдэмтэн судлаачид мэргэжилтэнүүдийг татан оролцуулж тэдний дуу хоолойг сонсож байгаагаараа онцлогтой.
Форумын 3 дахь өдрийн салбар хуралдаанууд Монгол улсын нийгмийн хөгжлийн бодлогыг салбар бүрээр авч хэлэлцсэн юм.
Боловсрол, Соёл, ШУ-ны салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудалд ямар гарц шийдэл байж болохыг салбарын зүтгэлтнүүд хамтран хэлэлцлээ. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн БСШУЯ-ны сайд асан Ё.Отгонбаяр удирдаж БСШУЯ-ны дэд сайд асан доктор Я.Төмөрбаатар, Соёлын яамны орлогч сайд асан, ШУ-ны доктор профессор Ш.Цэнд-Аюуш, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Академич Д.Рэгдэл нар салбар бүрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийсэн гарц гаргалгааг санал болгосон чансаатай илтгэл тавилаа.
Сургуулийн өмнөх насны хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдаж чаддаггүй асуудал хамгийн эхэнд сөхөгдөж, ЕБС-ийн сургалтын тогтолцоо, багш мэргэжилтнүүдийн нийгмийн хамгаалал, дээд боловсролын сургалтын чанар, оюутны орчин нөхцөл гээд боловсролын салбарын бүхий л асуудал хөндөгдсөн. Хэлэлцүүлэгт оролцсон багш эрдэмтэд ЕБС-ийн сургалтанд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн юм. Энэ жилээс эхлэн хэрэгжүүлж байгаа “цөм хөтөлбөр” нь цагаа олоогүй нутагших боломж хомс байгааг дурьдсан. Түүнчлэн энэ салбарыг улс төрийн хамаарлаас ангид байлгахгүй бол төр солигдох тоолонгоор түмний хүүхдийн ирээдүй боловсролоор тоглож туршилт болгож байгааг хатуу шүүмжиллээ.
Соёл урлаг, Шинжлэх ухааны салбарын зүтгэлтэн эрдэмтэн судлаачид ч байр сууриа илэрхийлсэн. Тусгайлан харьяалах яамгүй болсон цагаас эхлэн тус салбарын асуудал бүрэн орхигдсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Сүүлийн жилүүдэд байдал улам хүндэрч байгаа ч салбарын албан хаагчид чин сэтгэлээр зүтгэж байдаг гэлээ.
Зөвхөн хүндрэл хямралыг тоочсонгүй гарц гаргалгааг хайж санал санаачлагаа нэмэрлэхийн зэрэгцээ соёлын биет болон биет бус өв, дэлхийд ганц нүүдлийн өв их соёл өдөр ирэх бүр алдагдаж түүх болон үлдэх аюул нүүрлэж буйд сэтгэл зовниж буйгаа Төрийн соёрхолт Н.Жанцанноров илэрхийлсэн нь хэлэлцүүлэгт оролцогсодод ихээхэн таалагдсан.
Ингээд нэг удаагийн хэлэлцүүлэгээр санал бодлоо хангалттай хэмжээнд илэрхийлж, шийдвэрлэх гарц гаргалгаанд хүрэхгүй болохоор дараагийн шатны хэлэлцүүлэгийг зохион байгуулах тал дээр анхаарахыг хүссэн юм.