Чухал асуудлууд анхаарлын төвд
2015/10/30
Ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа хүний тоо хоёр дахин нэмэгдсэн
Ядуурал газар авч, нийгэмд сөргөөр нөлөөлж байна гэж Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг лхагва гарагт болсон “Бид хамтдаа” форумын салбар хуралдаан дээр онцолсон юм. Тэрбээр “Улсын хэмжээгээр ядуурал дорвитой буурахгүй байна. Өрхийн орлого, зарлагын тэнцэл алдагдах байдал ажиглагдсан. Ажилгүйдлийн түвшин ч гэсэн төдийлөн буурахгүй байгаа. Үүнийг дагаад нийгмийн даатгалын сангаас зарцуулж буй мөнгөн дүн өссөн.
Энэ жил нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа хүний тоо 2012 оныхоос хоёр дахин нэмэгджээ. Зарцуулах хөрөнгийн хэмжээ нь ч гурав дахин өссөн үзүүлэлт бий. 2012 оны гурван улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн хоёр хүний нэг нь ажлын байртай болж байсан гэсэн судалгаа бий. Гэтэл 2015 оны гуравдугаар улирлын судалгаанаас харахад таван хүний нэг нь ажлын байртай болжээ. Тэгэхээр ажлын байр ямар байгааг эндээс ойлгож болно. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой. Ажилгүйдэл буурахгүй байгаа нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна.
Иргэдийн хадгаламжийг л аваад үзье. Нийт хадгаламжийн 80 гаруй хувь нь хадгаламж эзэмшигчийн гурван хувь дээр төвлөрч байгаа нь харагдсан. Тиймээс хүний хөгжлийг хангах, дундаж давхаргын тоог нэмэгдүүлэх бодлого барих нь чухал байгаа юм. Ядуурал өндөр хувьтай байгаа учраас нэг шатлалтай татварын бодлогыг эргэж харах ёстой. Орлогоосоо хамаарч татвар төлдөг биш, олон шатлалтай татварын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нөгөө талаасаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах хэрэгтэй. Ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал иргэдийн орлогын тэгш бус ялгааг арилгаж чадна.
Ажилгүйдлийг бууруулахын тулд өөрөө өөртөө ажлын байр бий болгодог хүмүүст дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмжийг нь лизингээр олгох бодлого үгүйлэгдэж байна. “Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд” салбар хуралдаанаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах ямар гарц, шийдэл байгааг тодорхой болгоно. Олон үнэтэй санал гарах байх” хэмээв.
Ажилгүйдэл буурахгүй байгаа нь сөргөөр нөлөөлж байна
МАН-ын бага хурлын гишүүн, багш Ш.Батбаяр “Уул уурхайн баялгаас эх орны хишиг нэрээр иргэдэд өгч байсан мөнгийг хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээ суулгасан гэж шүүмжилдэг. Гэтэл эерэгээр харвал ядуурлыг бууруулахад гол түлхэц болж байсан учраас иймэрхүү дэмжлэг хэрэгтэй юм гэсэн байр суурьтай байна. Нөгөөтэйгүүр, нэрийн данс гэж бий. Энэ дансны тогтолцоонд 2016 оноос шилжих ёстой байсан. Гэвч энэ Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байсаар 1979 оноос хойш төрсөн хүмүүсийг энэ төрөлд хамруулахаар болчихлоо. Энэ бол ухралт. Ийм нэрийн төдий данс байснаас Германы системээр солих ёстой гэсэн саналаа би илтгэлээр дамжуулан илэрхийллээ.
Эдийн засаг хямарсан энэ үед хүрсэн түвшнээсээ бууруулахгүй байх хэрэгтэй. Цалин, тэтгэврийг бууруулахгүй байх ёстой. Ядуурал, хямралын нөхцөлд тохирсон нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Тухайлбал, иргэн харьяатын тэтгэврийн системийг мөрдвөл зохимжтой гэж үзэж байна. Энэ нь ажилласан, ажиллаагүй хамаагүй 60-аас дээш насныханд суурь тэтгэвэр бий болгох ёстой” гэж ярилаа.
Харин эрүүл мэндийн салбарыг хөл толгойгоо олохоо болилоо хэмээн шүүмжлэв. “Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам” салбар хуралдаанд хэд хэдэн илтгэл хэлэлцлээ.
Хурлын эхэнд МАН-ын Бага хурлын гишүүн, Анагаах ухааны доктор Ж.Цолмон илтгэл тавьсан юм. Тэрбээр “Төр хувийн хэвшлийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгомоор байна. Манай салбарт хувийн хэвшлийн эмнэлэг олширсон. Хоёр, гуравдугаар шатлалын хувийн эмнэлгүүдэд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлбэл, улсын эмнэлгийн ачааллаас хуваалцах нөхцөл бүрдэнэ. Хамтарсан Засгийн газрын үед хувийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн даатгалаас авах санхүүжилтийг 3-5 дахин нэмэгдүүлсэн. Тэгэхээр улсын эмнэлгийн ачааллаас үүрэлцэх үүрэгтэй.
Мөн төгс болгож чадахгүй байгаа нэг асуудал нь эрүүл мэндийн даатгал. Өндөр хөгжилтэй АНУ-д хүртэл энэ асуудал маргаантай хэвээр. Тэгэхээр эдийн засаг нийгмийн асуудлаа цогцоор нь шийдвэрлэж чадвал эрүүл мэндийн даатгалын асуудал цэгцэрнэ. Сүүлийн үед эмнэлгүүд эмийн өрөө төлж дийлэхгүйд хүрээд байгаа. Тиймээс манай улс ДЭМБ-ын зөвлөснөөр эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгөө дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьтай тэнцэх хэмжээнд хүргэх ёстой” гэдгийг илтгэлдээ дурдлаа.
МАН-ын бага хурлын гишүүн Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаа “Ардчиллын 20 гаруй жилд агуулга нь шинэчлэгдээгүй ганц салбар бол эрүүл мэндийн салбар. Бидний хийсэн нэг том ололт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Мянганы хөгжлийн зорилтод эх, хүүхдийн эндэгдлийг бууруулна гэж тодорхойлсон. Энэ зорилгодоо хүрсэн хэдий ч баруун аймагт эх, хүүхдийн эндэгдэл өндөр хувьтай байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй.
Төрөөс эрүүл мэндийн тогтолцооны бодлогыг цаг алдалгүй шинэчлэх шаардлагатай байна. Эрүүл мэнд, спортын яамны харьяанд клиник эмнэлгүүд байгаа тогтолцоог өөрчлөх, хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийг өргөжүүлэх. Тодруулбал, дүүргийн эмнэлгүүд хамгийн хөнгөн мэс засал хийдэггүй. Ийм байхад хийгдэх ёстой мэс заслууд дандаа гурав дахь шатлалын эмнэлэгт ногддог. Үүнээс болоод гуравдугаар шатлалын эмнэлгүүд үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Энэ байдал иргэдийг гадагшаа явж эмчлүүлэхэд хүргэдэг. Гадагшаа явж эмчлүүлэх үзэгдэл газар авч эрүүл мэндийн салбарын ашиг гаднын орнууд руу урсаж байна.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын удирдлага нь намын харьяалалд, ажиллагсад нь төрийн албаны зөвлөлд, төсөв хэмнэсэн үлдэгдэл нь Сангийн яамны мэдэлд байна. Энэ салбарын ийм тогтолцоог эрс өөрчлөх шаардлагатай. Эрүүл мэндийн салбарын баримт бичгүүдэд өөр хоорондоо зөрчилтэй зүйл заалт олон. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Түүнчлэн хүн ам зүйн бодлоготой салбарын бодлогоо уялдуулах хэрэгтэй байна" хэмээв.
“Бид хамтдаа” форумаас гаргасан санал зөвлөмжүүдийг төрийн бодлогод тусгана гэдгээ МАН-ын төлөөлөгчид энэ үеэр хэлж байлаа.
Б.Гандолгор