Төсвийн алдагдал 687 тэрбум төгрөгт хүрсэн. Оны эцэст 1 их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоолоод байгаа. Харин төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Японы засгийн газраас төсвийн зээл авах асуудал яригдаж эхэллээ. Энэ нь Монгол улсын засгийн газар 20 жилийн өмнөх нөхцөл байдалдаа шилжиж байгаагийн дохио юм.

Япон улсын Ерөнхийн сайд Шинзо Абэ Монгол улсад 4 цагийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Монгол улс Японы засгийн газраас төсвийн зээл авах асуудал яригдсан. Авсан зээлээ ашигтай зүйл зарцуулбал буруутгах зүйлгүй гэж зарим эдийн засагчид дүгнэж байна.

Олон улсад төсвийн болон төсөл хөтөлбөрийн зээл гэж 2 төрлийн зээл бий. Төсөл хөтөлбөрийн зээл гэдэг улс орны хөгжлийг хурдасгах нэг арга гэж тодорхойлдог. Хөгжиж байгаа аль ч улс оронд байх зээл. Харин төсвийн зээл гэдэг нь улсын төсвийн алдагдлаа нөхөх арга. Өөрөөр хэлбэл Монгол улс япон иргэдийн хөдөлмөрлөж бүрдүүлсэн мөнгөнөөс авч идэхдээ тулчихжээ.

 

Ийм нөхцөл байдалд хүрсэн нь 100 хувь төрийн бодлого шийдвэртэй холбоотой. 7 их наяд төгрөгийн төсөв 1 их наядаар тасарч байна гэдэг нь тооцоолол үндсэндээ 14 хувиар зөржээ. Гэтэл ямар ч эдийн засагч 14 хувийн зөрүүтэй тооцоолол хийдэггүй.

Төсвийн зээлийг эдийн засагт үр ашигтай зүйлд зарцуулна гэсэн ойлголт байхгүй. Учир нь төсвийн зээл гэдэг нь хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа бусдаас зээлж байгаа гэсэн үг. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувь давчихсан өрөн дээр ашиггүй өр нэмэгдэх болж таарлаа.