Яг одоо залгаж 100 азтаны нэгээд тодорч рок попын оддын тоглолт үзээрэй
2015/11/02
Монголын дуурийн урлагт өөрийн өнгө төрхийг бий болгон залуу уран бүтээлчдийн түүчээ болон гялалзсан дуучин бол Сэлэнгийн хэмээх “Том” Б.Баттөр билээ. Тэрбээр тархины хүнд хагалгаанд орохоор БНСУ-ыг зорих гэж байгаа бөгөөд Монголын урлагийн одод “Том Төрөөдөө” хэмээх халуун сэтгэлийн урам хайрлах тоглолтыг зохион байгуулж байгаа юм. Өчигдөр Монгол бөхийн өргөөнд нийтийн дуучид өөрсдийн уран бүтээлээр бэлэг барьсан бол өнөөдөр орой 19 цагт рок попын одод түүнд урам хайрлана.
Өчигдөр дуурийн урлагийн залуу од Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, Ч.Энхтайван, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, А.Долгор, МУГЖ У.Далантай, Д.Энхзул, С.Ганзориг, Д.Отгонжаргал, С.Баттулга, Б.Батбаатар тэргүүтэй мэргэжлийн уран бүтээлчид ая дуугаа өргөсөн. Өчигдрийн тоглолтын нэгэн сюрприз нь Б.Баттөр дуучин 100 азтай хүнд өөрийн тоглолтын билетийг бэлэглэсэн явдал байв. Түүний тоглолтыг үзсэн үзэгчид өнөөдөр болох рок попын оддын тоглолтын билетээ мөн 100 хүнд өгөөч гэсэн хүсэлт ирүүлээд байна. Тиймээс ард түмнийхээ халуун сэтгэлийн илэрхийлэл болсон энэхүү хүсэлтийг хүлээн авч Б.Баттөр дуучин маань яг одоо 99627531, 88150015 дугаарууд руу залган азтан болох боломжтой.
Б.Баттөр дуучны хувьд уран бүтээлийн тоглолт бүртээ ямар нэгэн сюрприз барьдаг байсан бол энэ удаа ард түмнийхээ хүсэлтээр ийнхүү бэлэг барьж байна. Өнөөдрийн тоглолтод Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, “Харш” хамтлагийн Бааска, “Номин талст”-ын Батсүх, Б.Баярцэцэг, “Чоно” хамтлагийн дуучин Дэрмээ, Т.Эгшиглэн, Т.Амина, Л.Насанбуян нар ая дуугаа өргөнө. Харин хамтлагуудын хувьд “Хурд”, “Мотив”, “Мэднесс”, “Киви”, “Fire”, “Увертюра”, “Ньюанс” зэрэг хамтлагууд ая дуугаа өргөх юм байна.