Дээлтэй Монгол наадам эхэллээ
2013/07/19
Энэ сарын 14-нд болохоор төлөвлөсөн ч цаг агаарын улмаас хойшлоод байсан 7 дахь удаагийн “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр Их эзэн Чингис хааны талбайд 12.00-19.00 цагийн хооронд зохион байгуулагдаж байна.
Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг наадам энэ жил хамгийн олон хүн үндэсний хувцастайгаа цугларсан гэсэн төрлөөр Гиннест бүртгүүлэхээр төлөвлөсөнөөрөө энэ жилийн арга хэмжээ онцлог нь юм. Зохион байгуулагчдын зүгээс уг наадмын бичлэгийг Гиннесийн номонд бүртгүүлэхээр бүтнээр нь илгээх аж.
“Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл, загварын болон урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 12000 гаруй иргэн оролцох бөгөөд энэ үеэр ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, Монгол гэрийн үзэсгэлэн, үндэстэн ястны болон нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнүүдээс гадна “Дээлтэй Монгол” наадмын үйл ажиллагааны үндсэн хэсэг болох Монгол үндэсний хувцастай баярын жагсаал болжээ.