Нийслэлийн бүх дүүрэг, зарим аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд, зарим банктай хамтоа залилан хийсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Тодруулбал, нас барсан хүмүүсийг улсын бүртгэлд бүртгэхгүйгээр, тэдний нэр дээр тэтгэврийн зээл авдаг байжээ. Одоогоор 10 мянга гаруй нас барсан хүний нэр дээр ийнхүү зээл авсан байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү: Хэргийг шалгаж байгаа учир банкуудын нэрийг хэлэх боломжгүй байна. Мөн Шинжээчийн дүгнэлт гараагүй учраас хохирлын хэмжээг хэлэх боломжгүй байна. Гэхдээ нэлээн хэдэн тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж хэлж байна. Тиймээс тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг уг хэргийг илэрүүлсэн. Эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд шалгалтын ажлыг улсын хэмжээнд хийж байгаа юм.

Тэгвэл энэ хэрэгт Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан: 2014 оны байдлаар жилдээ 12 500 гаруй хүн нас барж, нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авсан байгаа. Тэдний хэдэн хувь нь өнлөр насны тэтгэмж авч байгаа вэ гэдгийг бодох асуудал. Тиймээс 10 000 гаруй хүний нэр дээр хэдэн тэрбум төгрөгийг хөрөнгө гараад эзэн биегүй яваад, хүмүүс тэрийг нь ашиглан хувьдаа завшсан гэдэг үйлдэл нотлогдоно гэдэгт би итгэхгүй байна. Учир нь бид өдөр тутам маш олон хяналтаар тэтгэвэрийн олголтыг хянадаг. Өнгөрсөн 10 жилд 148 хүнд тэтгэвэр олгож байсныг бид илэрүүлж арилгаж байсан. Тийм учраас олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсонд би хувьдаа итгэхгүй байна гэдгийг хэлж байлаа.

 

 

Хэрвээ нийгмийн даатгалын ажилтнуудын буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ял оноох юм байна. Тодруулбал нийгмийн даатгалын ажилтнуудад Эрүүгийн хуулийн 148.4 Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тус зүйл ангид “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Хэмээн заажээ.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

 

А.Баярмаа