Гамшгийн хэмжээнд хүртлээ агаар, хөрс, усны бохирдолтой болсон нийслэлд ногоон байгууламж юу юунаас чухал. Харин бид учиргүй нэмдэггүй юмаа гэхэд өмнөхөө үгүй хийх нь олонтаа. Ингэж л ирээдүйгээсээ инээд хөөрийг нь булаадаг болсоор уджээ. Өнөөдөр хүүхэд, залуучууд чөлөөт цагаа эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх цор ганц гэх газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Шарилжаар дүүрч, дэд бүтэцгүй байсан тэрхүү газар эрх мэдэлтнүүдийн хараанд өртөөгүйн ачаар өнөөдөр цэцэрлэгт хүрээлэн болж, өнгө нэмжээ. Нийт 110 мянга гаруй мод сөөг, олон улсын стандартад нийцсэн монголын анхны 5.5 км дугуйн болон гүйлт, цанын зам, сагсан бөмбөг, хөл бөмбөг, софт теннисийн комплекс спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай, газрын усан оргилуур зэрэг олон бүтээн байгуулалтыг өнгөрсөн таван жилийн дотор хийж амжуулжээ.

Иргэдийн ухамсарт мод, сөөг тарих, ногоон байгууламжийн ач тусыг ойлгуулж чадсаны ачаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр цэцэгс бүрхсэн, ногоон талбар болсон. Тиймдээ ч, энэхүү хүрээлэнгийн ногоон байгууламж Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлж байна. Харин энэхүү бүтээн байгуулалтын гол автор нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дарга Б.Саранчимэг. Төсвийн мөнгө хараад суулгүй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан нь түүний уйгагүй хөөцөлгөөний ач. Хүрээлэнгийн таван жилийн ойн үеэр удирдлагууд нь сайн байлаа гээд шилдэг байгууллага өгч байсан нь саяхан. Гэтэл саяхны нэг өдөр түүний хүүтэй холбоотой асуудлууд үүсч МАН-ын бүлгээс түүнийг огцруулах гарын үсэг бүхий шаардлага хүргүүлсэн. Үүний хариуд тэрээр гарын үсэг зурсан хүмүүсээ шат дараатай ажилгүй болгож мөн бүгдийг нь эрүү үүсгэхээр шүүх цагдаад хандаж байгаа гэнэ. Энэ бүх улс төржилт яалаа гэхэд иргэдийн маань очих дуртай цэцэрлэгт хүрээлэн маань бүрэн бүтэн үлдээсэй гэж хүснэм.