2015 оны 11-р сарын 02-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Энхтайван найрамдалын ордоны урд талын автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-н Gea маркийн троллейбусны жолооч Б нь зорчигч 06 настай эрэгтэй Ж нарын 2 хүнийг чирч гэмтээсэн хэргийн талаар бид мэдээлсэн. Уг мэдээллийн талаар манай сурвалжлагч эх сурвалжуудаас тодруулсан байна.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Болд: “Худлаа мэдээлэл. Бид баазаас нь асуусан. Ийм мэдээлэл гарсны дараагаар бид асууж тодруулсан тийм зүйл байхгүй гэдгийг хэлсэн.” гэв.

ЗЦГ-аас хэргийн талаар тодруулахад: “Ийм хэрэг гарсан нь үнэн. Хэргийг одоогоор Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн газраас шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Хэрэг болох үед тролейбусанд явсан зорчигч: “Энхтайван найрамдлын буудал дээр олон хүн бууж, суусан. Хүүхэд хаалганд хавчуулснаа нь жолооч хараагүй юм шиг байна лээ. Хүүхдийг бууж байхад хөлийг нь хавчаад хөдөлсөн. Хүмүүсийг зогсооч хавчуулагдчихлаа гэхэд нь зогссон. Ээж нь хүүхдээ гэмтээхгүй гэж хичээж байсан” гэв.

Уг хэргийн улмаас автобусны хаалганд хавчуулагдсан ээж, хүү хоёр хөнгөн гэмтэл авсан байна. Зургаан настай хүүхдийг харалгүй хаалганд хавчуулсан жолооч нь эмэгтэй хүн ажээ. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа