Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 40 ялтан өршөөлд хамрагдахгүй
2015/11/05
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэх албадууд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар хорихоос өөр төрлийн ялтай 683 ялтны материалыг өршөөлд хамруулахаар харъяа прокурорт хүргүүлээд байна.
Орон нутгийн хэмжээнд 683 ялтны асуудал шүүхээр шийдвэрлэгдэхээр байгаа ба ялтнуудыг хорихоос өөр төрлийн ялаас өршөөн хэлтрүүлсний дараа 560 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх, 500-аад хүний хилийн хоригийг цуцалж Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг сэргээх, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн болон хураасан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээлгэх талаар холбогдох газруудад албан бичиг хүргүүлэх ажлыг ШШГЕГ-ын харъяа Шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.3, 263, 264, 268 гэсэн 5 зүйл ангиар хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш гэмт хэрэг үйлдсэн нийт 40 ялтан өршөөлд хамрагдахааргүй байгаа юм.