Нийслэлийн Налайх дүүргийн 7-р хороонд “Тэлмэн Констракшн” ХХК 6000 айлын орон сууц барьж байгаагаа сүржин зарлаж байсан ч бодит байдал дээрээ барилгын ажил даржин байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Оршин суугчбыг хүндрүүлж байгаа тохиолдол үүгээр дууссангүй. Энэ удаад залилангийн хэрэг хийсэн байж болзошгүй байна.

2013 оноос эхлэн захиалга авч байсан “Шинэ Налайх” хороолол 2014 оны 02-р сард ашиглалтад орох ёстой байсан. Гэвч захиалга өгсөн хүмүүсийг хохироож, хэл амтайхан шиг 2015 оны 07-р сард ашиглалтад өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл ашиглалтад өгөх ёстой хугацаанаасаа 1.6 жилийн дараа айлуудыг оруулсан байгаа юм. Оршин суугчдийн хувьд байрандаа орсноор хэл ам дууссангүй. “Тэлмэн Констракшн” ХХК оршин суугчдийг залилсан байж болзошгүй байна. Тодруулбал тус байрны оршин суугчдийн байрны ордерийг өгөөгүй байна. Оршин суугчид ордероо авъя гэж уулзахад өнөөдөр маргааш хэмээн хугацаа заадаг ажээ.

“Тэлмэн Констракшн” ХХК 80 гаруй айлын ордерийг банканд барьцаанд тавин зээл авсан гэдгийг “Шинэ Налайх” хорооллын оршин суугчид хэлж байна. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор “Тэлмэн Констракшн” ХХК-ны орлогч захирал н.Дэмбэрэлсайхантай уулзах цаг авахаар удаа дараа холбогдсон боловч утсаа аваагүй юм. Улмаар тус компани сурталчилгааны самбарт байршуулсан дугаарууд руу залгахад дийлэнх нь төлбөрийн тооцоогоо хийгээгүй байсан. Тус компанийн борлуулалтын менежер Хулан тань руу албан ёсны хариу өгөх хzүнийг холбож өгнө гэсэн боловч одоог хүртэл холбосонгүй. Тэгвэл “Тэлмэн Констракшн” ХХК 80 гаруй айлын ордерийг банканд барьцаалан зээл авсан эсэхийг тодруулахаар Төрийн банкны зээлийн мэргэжилтнүүдтэй холбогдоход: Зээлтэй нь үнэн. Ордер барьцаалсан эсэх болон зээлийн хэмжээний талаархи мэдээллийг өгөхгүй гэв.

Харин “Шинэ Налайх” хорооллын оршин суугчид “Тэлмэн Констракшн” ХХК ордер барьцаалж зээл авсан нь үнэн. Ордероо авъя гэхээр хүмүүс орон сууц худалдан авсан тохиолдолд барьцаанаас нэг нэгээр нь авч өгье, өнөөдөр маргааш хэмээн тайлбарладаг байна.

“Тэлмэн Констракшн” ХХК-ний энэ үйлдэл нь залилангийн шинж чанартай үйлдэл гэдгийг эх сурвалж хэлж байна. Тодруулбал “Тэлмэн Констракшн” ХХК оршин суугчид төлбөрөө 100 хувь барагдуулан, өмчлөх эрхийн гэрчилгээтэй үед мэдэгдэлгүйгээр барьцаанд тавьж байгаа нь Эрүүгийн хуулийн 150 буюу бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэл юм. Тодруулбал уг хуулийн 150.3-т Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа. Тиймээс “Тэлмэн Констракшн” ХХК-ийг цагдаагийн байгууллагад өгч асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой гэдгийг хэлж байлаа.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Н.Ганчимэг