Өдрийн сурвалжлага: 431-р ангиас 50 гаруй, 409-р ангиас 40 гаруй ялтан суллагдлаа
2015/11/06
Өршөөлийн хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан. Ингэснээр Монгол улсын хэмжээнд ял эдэлж байгаа 1700 орчим хүн өршөөлд хамрагдаж, 730 нь шууд суллагдах бол 970 нь хорих ялаасаа хоёр жил хасуулах боломжтой болж байгаа. Үүнтэй холбоотойгоор мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн байгууллага хорих ангиудад ажиллан шүүх хурлуудыг хийж байна. Өнөөдөр манай сурвалжлах хэсэг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй хамтран хорих 409 болон 431-р ангиудад ажилласныг хүргэж байна.
Хорих 409-р анги. Баривчлан саатуулах анги. Одоогоор 50 гаруй ялтан уг хорих ангид ял эдэлж байгаа. Нэг хүн нэг өрөөнд хоригддог бөгөөд ямар нэгэн хөдөлмөр эрхэлдэггүй. Уг хорих ангид 3-6 сарын хорих ялтай хүмүүс саатуулагддаг. Тус хорих ангийн бүх ялтан энэ удаагийн өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хорих ангид ажиллаж өнөөдөр 50 гаруй хүнийг ялыг өршөөлд хамруулах шүүх хурлуудыг хийлээ.
Тухайлбал өчигдөр Баривчлах 431-р хорих ангид ял эдэлж байгаа Л.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд шүүгч, нарийн бичгийн дарга Очгэрэл, прокурор Цэцэгмаа, ХТБ байцаагч Гангантөгс нар байлцав. Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгчийн биеийн байцаалтыг авсан. Үүний дараа Л.Б-ийн ялыг танилцуулав. Шүүхээс түүнд өмнө нь 3 сар баривчлах болон хоёр жил жолоо барих эрх хасах ял оноогоод байсан. Ялтан нь 2 сар 25 хоног баривчлагдсан бөгөөд 5 өдрийн ял дутуу байсан юм. Улмаар өршөөлийн хуулийн дагуу түүний 5 өдрийн ялыг өршөөж, жолоо барих эрхийг сэргээсэн юм.
Шүүхийн шийдвэр гарсны дараагаар Л.Б нь ял шийтгэлгүй, эрх чөлөөтэй болсон. Түүнээс бид цөөн зүйл тодрууллаа.
- Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдлаа?
- Маргаан хийж, бусдын биед хөнгөн гэмтэл учруулаад баривчлах ялаар шийтгүүлсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Өршөөлийн хуулийг баталсанд баярлаж байна. Одоо гараад дахиж асуудалд орохгүй сайхан амьдарна гэж бодож байна. Ганц хоног битгий хэл нэг цагийн өмнө гарахыг хүсч байсан.
- Өршөөлийн хууль батлагдах гэж удлаа шүү дээ. Хэр хүлээлт үүсгэв?
- Хүлээгээд л байлаа. Залуустаа хандаж хэлэхэд өөрийн гэсэн бодолтой, архи дарснаас хол, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байгаарай гэж хэлмээр байна. Ийм хар газар орохгүй гэр бүл, хань ижил, хайртай хүмүүстэйгээ ойр байгаарай.
Тав хоногоос 3 сар хүртэл хугацааны ялыг чөлөөлүүлж байгаа ялтнуудын хувьд ганц өдрийн өмнө ч гэсэн гэртээ харих гэж байгаадаа, төр, түмэн итгэж өршөөл үзүүлж итгэл хүлээлгэж байгаад талархаж байгаагаа ялтнууд хэлж байлаа. Мөн уурын мунхаг, архины балаг, сагсуу зангаасаа болж алдаж эндэхгүй байгаасай гэдгийг хэлж байсан юм.
Үүний дараагаар манай сурвалжлах хэсэг Хонхор дахь чанга дэглэмтэй хорих 409-р ангид ажилласан. Тус хорих ангид өнөөдрийн байдлаар 370 гаруй ялтан ял эдэлж байгаа. Эдгээрээс 128 нь өнөөдөр ялаа хөнгөлүүлж, суллагдаж байгаа. Тодруулбал өнөөдөр 44 хүн суллагдаж, 84 хүний ял хөнгөлөгдөж байгаа юм. Тус хорих ангийн хувьд чанга дэглэмтэй хорих анги бөгөөд хамгийн багадаа 10-25 жилийн хорих ялтай ялтнууд хүмүүжиж байгаа.
Хорих 409-р ангид өршөөлийн хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар тус хорих ангийн нийгмийн ажилтан, хошууч Г.Бахдалаас цөөн зүйл тодрууллаа.
- Хорих 409-р ангийн ялтнуудын өршөөлийн хуульд хамрагдаж байгаа байдлын тухай товч мэдээлэл өгөхгүй юу?
- Энэ удаагийн өршөөлийн хуулиар өмнө нь өршөөлийн хуульд хамрагдаж байсан үл харгалзан ялтнуудад жигд тусаж байгаа. Өнөөдрийн байдлаар 370 гаруй ялтан ял эдэлж байгаагаас судалгаанд 128 ялтан хамрагдаж байгаа. Үүнээс 44 нь суллагдах саналтай байгаа. Судалгааг тоо бүртгэлийн алба болон нийгмийн ажлын алба судалгааг гаргасан. Өршөөлд хамрагдах зүйл заалтынх нь дагуу хийгээд явсан байгаа.
- Хорих ангийн хэмжээнд нийгэмшүүлэх ажлыг хэр хэмжээнд хийсэн бэ?
- Нийгэмшүүлэх ажлыг суллагдахаас өмнөх 6 сард тогтмол явуулж байгаа. Ял эдэлж байгаа ялтныг нийгэмшүүлэх гэдэг нь ялтныг ирэхээс суллагдах хүртэл хийгдэж байдаг. Тухайлбал, хорин хэдтэй залуу алдаж орж ирлээ гэхэд, мэргэжлийн дадал олгох сургалт, өөрийг нь хөгжүүлэх сургалтууд, үйлдвэрлэл эрхлэхэд нь туслах зорилгоор мэргэжлийн зэрэг олгох сургалтуудыг тогтмол явуулдаг.
- Ялтнууд хөдөлмөр эрхэлж байна уу?
- Ажлын заалттай, тогтмол цалинтай 200 гаран ялтан байгаа.
Өршөөлд хамрагдаад эргэж ирж байгаа хүн хэд байдаг талаар Хорих 409-р ангийн дэд дарга, Дэд хурандаа Д.Ууганбаяраас цөөн зүйл тодрууллаа.
- Өршөөлийн хуульд хамрагдчихаад хэрэг хийгээд эргээд ирдэг хүн байдаг уу?
- Практикт байдаг.
- Танай хорих ангийн хувьд?
- Өмнөх өршөөлийн хууль 2006 онд батлагдаж байсан. Өршөөлд хамрагдаад эргэж орж ирсэн хүн ангид байгаа.
- Тоог нь хэлж болох болов уу?
- Ял эдлэхээр ирж байгаа ялтнуудын бага хувь эзэлнэ.
Ялаа хөнгөлүүлж байгаа болон суллагдаж байгаа хүмүүсийн хувьд архинаас хол байж, зөв амьдарч, итгэж өршөөл үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн. Шүүгчдийн хувьд дахин алдахгүй байж, төр түмнийхээ итгэлийг дааж явахыг ялтан тус бүрт сануулж байсан юм.
Зочин · 2015/11/06
toriin buyniig daaj yavaarai daa.Daind oroltsoj, darhan tsoloo manduulsan bish daruuhan uhaalag baihiig husie.