Үндэсний өгөх өдөрт зориулсан тархины саажилттай хүүхдүүдийн бүтээл, цуглуулгын “Энэ бол би” үзэсгэлэн өнөөдөр хаалтаа хийлээ.

Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн, “Таны инээмсэглэл” төв, Монголын тархины сааны холбооноос зохион байгуулж буй тус үзэсгэлэнд С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан, А.Хүдэрбат, А.Дөлгөөн, Б.Мөнхтулга нар зурсан зураг, бичсэн шүлэг, цуглуулгаараа оролцож байгаа юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа тус арга хэмжээг ивээн тэтгэж, залуусыг дэмжин 400 гаруй хүүхэлдэйн цуглуулгаа дэлгэсэн.

Тэдний энэхүү бүтээлийг өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд үзэж, сонирхлоо. Тэрээр залуусын бүтээл, цуглуулгыг үзэж, сонирхсоны зэрэгцээ Б.Мөнхтулга, А.Хүдэрбат, А.Дөлгөөн нарт Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, Ч.Энхсайхан, С.Намуунцэцэг нарт "Хөдөлмөрийн алдар" медалийг гардууллаа.

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 01-ний өдөр нээлтээ хийсэн энэхүү үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ мөн энэ өдөр тохиосон юм. Хаалтын арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Д.Арвин, Япон Улсын Элчин сайдын зөвлөх Минорү Кикүчи болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчид сэргээн засах эмчилгээний зориулалттай "Spider cage" буюу "Аалзны тор" төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг хуримтлуулах хандивын аян өрнүүлсэн бөгөөд 10 өдрийн турш нийт 20 мянга орчим хүн хүрэлцэн ирж, тэдний бүтээлийг үзэж сонирхсон байна.

Хаалтын ёслолын үеэр үзэсгэлэн зохион байгуулагчид Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн монголын хүүхэд залуус, эмэгтэйчүүдэд чиглэсэн бүх үйл ажиллагааг дэмжиж, хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хүмүүнлэгийн элч”-ээр өргөмжиллөө.