Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд 600 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Тэдний тал нь буюу 300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга уг нь байдаг.

Гэвч цэцэрлэгийн зориулалттай барилгыг Капитал банк болон хорооны орон сууцны контор түрээсэлж үйл ажиллагаа явуулж байна. Эзэмшигч нь Дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс.

 

Түүхийг нь сөхвөл, одоогийн 148-р цэцэрлэг 1950-аад онд баригдаж яслийн үйл ажиллагаа явуулж байжээ. Үүний дараа яслийн ачаалал багасч байранд нь нийгмийн даатгалын хэлтэс орсон. Гэхдээ одоо нийгмийн даатгалын хэлтэс нь 3 давхар шинэ барилга барьж тэндээ үйл ажиллагаа явуулах болсон ч барилгыг цэцэрлэг болголгүй түрээсийн үйлчилгээ явуулж байгаа.

Уг нь хорооны засаг дарга, тойргоос сонгогдсон гишүүд Хүн амын хөгжил нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэд цэцэрлэг болгох хүсэлт тавьсан байдаг. Гэвч С.Эрдэнэ сайд нийгмийн даатгалын салбар байгуулах учир боломжгүй гэсэн хариулт өгч байжээ. Өөрөөр хэлбэл хорооны засаг даргад С.Эрдэнэ сайдын гарын үсэгтэй тайлбар бичиг ирсэн байдаг.

Үүнийг нь СХД-ийны 19-р хорооны Засаг дарга Х.Бат-Аюуш болон 148-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнхтуяа нар баталдаг.

Харин 300 хүүхдээс цэцэрлэгийн байр “харамласан” талаар С.Эрдэнэ сайдаас тодруулахад цэцэрлэгийн барилгыг цэцэрлэгийн зориулалтаар нь ашиглах нь зүйтэй. Цэцэрлэг болгох асуудлыг Боловсрол,соёл, шинжлэх ухааны яам хариуцна гэдгийг мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ сайд өөрийнхөө хүргүүлсэн албан бичгээ мэдэхгүй байна.

Энэ ойлгомжгүй байдлаас болж 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн өргөтгөлд 330 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Уг барилгыг нийгмийн даатгалынхан түрээслэхгүйгээр цэцэрлэгийн барилгыг зориулалтаар нь ашиглавал хэчнээн хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, болзошгүй эрсдэлээс хамгаалагдах бол гэдгийг Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хүн амын хөгжил нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ нар нэг бодоод үзээрэй.

 

А.Баярмаа