Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэв
2015/11/11
Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргалаа.
Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг, 2 дугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлсэн байна.
Энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц үзлээ.
Мөн Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан Үндсэн хуулийн зөрчил арилаагүй байгааг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргасан дүгнэлтэд дурдсан байна.
Тиймээс Үндсэн хуулийн цэц дээрх дүгнэлтээрээ Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв
Зочин · 2015/11/11
Ovoo ultai shiidver gargajee manjiin tushmeluud maany...