Нийгмийн даатгалынхан нас барагсдын тэтгэврээр зээл авч, улсад онц их хэмжээний хохирол учруулж байсан бөгөөд сүлжээ болтлоо өргөжсөн уг асуудлыг цагдаагийн байгууллагынхан илрүүлэн шалгаж байгаа юм.

Энэ талаар холбогдох байгууллагаас хүртэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн олон нийтэд мэдээлээд байгаа билээ. Энэ тухай нийтлэлч Баабар ч олон нийтэд хүргэсэн байдаг. Гэтэл нийгмийн даатгалынхан үндэслэлгүй мэдээллээр нийтлэл бичсэн хэмээн нийтлэлч Баабар буюу Б.Батбаярт дургүйлхэж байгаа юм байна. Ингээд зогсохгүй нэрт нийтлэлчийн өөрийнх нь булхиаг дэлгэж, хариу барьжээ. Тодруулбал түүнийг хуурамчаар тэтгэвэр тогтоолгож, улсад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэсэн байна.

Нийгмийн даатгалынхан Баабарын тухай асуудлыг хяналтын шалгалтаар оруулан зөрчилтэй гэдгийг илрүүлчихээд, салбарын сайддаа “Алтан хошуу” хүргэжээ. Тиймээс эрхэм сайд С.Эрдэнэ нэрт нийтлэлчийн булхиаг олон нийтэд ил болгож хариугаа авсан юм. Тодруулбал Б.Батбаяр буюу Баабар улсад ажилласан жилээ буруу тогтоолгож, хуурамч бичиг баримт бүрдүүлээд, тэтгэвэр тогтоолгосон байжээ.

Тиймээс Нийгмийн даатгалын газраас өөрт нь энэ тухай мэдэгдсэн юм байна. Гэтэл Баабар үүнийг огт мэдээгүй, мэдэхгүй гэдэг хариу хэлж, эсэргүүцэл үзүүлсэн аж. Үүнээс гадна тэрбээр “2009 онд Непко ХХК-д тавигдсан торгуулийн 12 сая төгрөгөө буцааж авна” гэж аашилсан гэнэ. Ямартай ч хувь хүн болон салбарын яам хүртэл дор бүрнээ өөрсдийгөө буруугүй гэцгээж байгаа юм байна. Эндээс харахад тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж зэрэг нь үнэн зөвөөр, очих ёстой хүндээ хүрдэг юм уу гэх эргэлзээ төрөх юм.Тэгээд ч буруутай хүн монголд олддоггүй юм биш үү. Үүнээс цаана хэдэн ч хүн хуурамчаар тэтгэвэр тогтоолгож, татвар төлөгчдийн мөнгийг завшиж суугааг ёстой таашгүй ээ...

Н.Ганаа