Сувилагч хэмээх ажлаас анх ажлын гараагаа эхэлж байсан Г.Ганчимэгийг хууль бус томилгоогоор, Г.Шийлэгдамба Төрийн нарийн бичгийн дарга болгосон байдаг юм. Тэрбээр 2002 оноос Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн мэргэжилтэн, албаны дарга, ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм билээ. Мөн С.Удвалын үед тус яамны мэргэжилтэн хийж байсан аж. Ингээд 2014 оноос тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон түүхтэй.

Үүнээс гадна тэр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын сайн найз гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Тэгэхээр С.Баярцогт Г.Шийлэгдамбаар дамжуулан өөрийн хүмүүсээ албан тушаалд томилсон байж болох юм байна.

 

Угаас Г.Ганчимэгийг хууль, журам зөрчиж томилогдсон болохыг АТГ-аас мэдэгдэж, ЭМС-ын сайд Г. Шийлэгдамбад хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан тоот явуулж байжээ. Энэхүү албан бичигт “ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Г. Ганчимэг, ТЗУГ-т ахлах мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Б. Эрдэнэчимэг нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу томилох эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас ирүүлээгүй байх тул материалыг буцаав” гэжээ.

 

Гэвч сайд Г. Шийлэгдамба, энэхүү албан тоотыг үл тоосон бөгөөд өөрийн хүссэнээр шийдсэн нь энэ аж. Төрийн нарийн бичгийн дарга болсон Г.Ганчимэг харин 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М. Уранчимэгээс бусад бүх газар, хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

 

Гэвч удирдлагуудыг нь сольж чадсан ч тэдний хууль бус үйлдэлд дургүйцэн алхам бүрийг нь хянаж байсан ажилчдыг халж чадаагүйд хамаг учир байгаа юм. Өөрөөр хэлбэл халагдсан хүмүүсийн удирдлага доорх ажилтнууд. Тэд эргээд энэ хоёрт гай болсон байх магадлалтай юм байна. Тодруулбал тэдний үйлдэл бүрийг хянаад, алдааг нь тоолж суусан хүн яаман дотор байжээ. Яамны бүхий л тушаал шийдвэрүүд Төрийн нарийн бичгийн даргын гарын үсгээр явагддаг. Явж, явж Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нар авилгын хэрэгт унасан нь намаа санхүүжүүлэхээр, дарамтад орж, зүтгэснийх гэх яриа Эрүүл мэндийн яаманд байна. Үүнээс гадна тэдний хэргийг холбогдох газарт мэдүүлсэн хүн нь яаман дотор байгаа гэх мэдээлэл ч байгаа юм.

Н.Ганаа