С.УЯНГА

МАХН, МАН-ын нэр бүхий ахмад гишүүд хоёр намаа эвсэж сонгуульд орох саналыг тусгасан өргөх бичгийг энэ сарын 4-нд удирдлагууддаа өргөн барьсан билээ. Цагтаа сайд, даргын алба хашиж байсан хүмүүсээс гадна эрдэмтэн доктор, хөдөлмөрийн баатар, академич, гавьяатууд нийлсэн 43 хүн өргөх бичигт гарын үсэг зуржээ. Хоёр намын ахмадууд өргөх бичигтээ “Үзэл бодол угшил үндэс нэгтэй МАН, МАХН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар эх орон ард түмний эрх ашгийн үүднээс үл ойлголцол маргаанаа зогсоож, аливаа асуудлаа ухаан, тэвчээр гарган ярилцаж, эв нэгдлээ бэхжүүлэх үндсэн дээр 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд хоёр нам эвсэж орох саналыг та бүхэнд хүргүүлж байна. МАН, МАХН-ын дарга нар хамт байж өргөх бичиг барьсан намын ахмад гишүүд, эрдэмтэн доктор, хөдөлмөрийн баатрууд бидэнтэй уулзаж ярилцах хамтарсан уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахыг хүсье” гэсэн байна. Өргөх бичгийг хүлээн авах үеэр хоёр намын дарга ахмад гишүүдийнхээ саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, ойрын хугацаанд хариу өгөхөөр болсон юм.

МАХН өнгөрсөн баасан гаригт ахмадуудын энэхүү хүсэлтийг хүлээн авсан юм. Тус намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ, Засгийн газрын гишүүдээс бүрдсэн гүй­цэтгэх товчооны гишүүд хоёр намын ахмадын төлөөллийг урьж, өргөх бичгийн талаар илэн далангүй ярилцаж, байр сууриа илэрхийллээ. Уул­залтын эхэнд гүйцэтгэх товчооны гишүүд ахмадуудаас асуулт асууж, санал бодлоо солилцов. Мөн энэ үеэр хоёр намын ахмадуудын өргөн барьсан бичгийг бүрэн эхээр нь уншиж танилцуулсан юм.

Энэ талаар зарим хүний байр суурийг хүргэе.

 

П.Дамдин:

/МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга асан, аж үйлдвэрийн гавьяатажилтан/

-Биднийг урьсанд талархаж байна. Өнгөрсөн үеийн алдаа дутагдал, ойлголцоогүй явдлыг одоо ярьдаг цаг биш. Юуны өмнө манай хоёр нам хүчээ нэгтгэж 2016 оны сонгуульд олонх болох хэрэгтэй. Тэгж байж улсаа өнөөдрийн энэ хүнд байдлаас гаргана. Хэний алдаанаас болж энэ улс орон ийм хэцүү байдалд оров гэдгийг ярьж суух цаг алга. Үүнийг сонгуульд ялсны дараа ярина гэдгийг хоёр намын даргад хэлсэн. Би үргэлж манай хоёр нам гэж ярьдаг. Манай намын хүмүүс ард түмнийг сайхан амьдруулах, өнөөдрийн энэ хүнд байдлаас гаргахын төлөө гэсэн нэг зүйлийн төлөө хүчээ нэгтгэх хэрэгтэй. 2016 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байхад өөр зүйлд анхаарал хандуулахгүйгээр эвсэж, хүчээ нэгтгэж, ямар замаар сонгуульд орох вэ гэдгээ Н.Энхбаяр, М.Энхболд дарга нар уулзаж ярилцаасай. АН улс орноо хүнд байдлаас гаргаж чадахгүй нь сүүлийн гурван жилээс харахад ойлгомжтой боллоо.

Тэд улс орныг удирдах гэж тоглоом хийж байна. Ахмадууд тэтгэврээ аваад, бор цайгаа уучихаад гэртээ хэвтэж байхад болох улс. Гэвч бид 1990 он хүртэл улс орноо хөгжүүлэхэд гар бие оролцож явсны хувьд зүгээр сууж чадсангүй. Манай хоёр намыг хүчээ нэгтгэж, улс орноо өөрчлөхийг ард түмэн хүлээж байгаа. Биднийг хэн аврах вэ гэдгийг ард түмэн мэдээж, хүсч байна. Итгэлийг нь алдахгүй байх хэрэгтэй. Гадаадынхан биднийг алтаа алдсан тэнэгүүд гэж дүгнэж, харж байгаа учраас хоёр нам эвсэх хэрэгтэй гэж үзэж санал гаргасан.

 

Л.Лантуу /МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооныорлогч гишүүн, Улаанбаатарын МАХН-ын хороонынэгдүгээр нарийн бичгийн дарга асан/

-Монгол Улс үнэхээр хүнд байдалд орлоо. Мөн гадаадад хэр зэргийн нэр хүндтэй вэ гэдэг асуултын тэмдэг боллоо. Энэ бүхнээс гаргах хэрэгтэй. АН улс орныг татаж унагаалаа. Тиймээс аврах хүч нь МАХН, МАН. Эв зүйгээ олоод сонгуульд нэгдэж оръё. Саяхан хоёр намын дарга уулзсан гэж ойлгосон. Намын удирдлагууд уулзаж, илэн далангүй яриасай. Эх орны тусгаар тогтнол, эх орноо аврахын хажууд хэрүүл маргааны асуудал бол юу ч биш. Улсаа аврахын тулд хүмүүсийг хошуучилж, уриалаад бодит ажил болгоосой. Монголын ард түмэн үүнийг баяртайгаар хүлээж авна. Ер нь эх орны сайн сайхан байхын хажууд ямар ч зүйл асуудал биш шүү. Үүнийг сайд дарга нар, гишүүд шат шатандаа онцгой анхаарч үзээсэй гэж хүсч байна.

 

 

 

 

 

 

 

МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

-Нам өөрөө нэг түүхтэй, өөдөөс хараад сууж байгаа хүмүүс нэг л зам, мөртэй. Аль нам эвсэл гэхээсээ илүү уулзах учиртай хүмүүс уулздаг гэж боддог. Хоёр нам шууд нэгдэхээс илүү эхлээд уулзаж, гар барьж, нэгнээ ойлгож, эв зүйгээ ололцох хэрэгтэй гэж бодож байна. Энэ оны дөрөвдүгээр сард би хоёр нам яагаад хамтарч болохгүй гэж гэсэн гарчигтай ярилцлагыг хэвлэлд өгсөн. 2008 онд МАХН-ыг ард түмний 60 хувь нь сонгосон ч нэр сольсон шалтгаанаар бас ойлгомжгүй зүйл их болсон. 2008 оноос хойш миний хувьд хоёр намаа уулзаач, ойлголцооч гэж ярьсаар ирсэн. Харамсалтай нь улам холдуулах ажлыг тодорхой бүлэг хүмүүс хийж байсан. Өнөөдөр ахмадууд ирж, уулзаж ярилцаж байгаад талархаж байна.

МАХН, АН-тай уулзаж, учирч болоод хамтарсан засагт ороод ярьж болж байхад үүсэл гарал нэгтэй, хамт явж байсан удирдлагад нь ажиллаж байсан хүмүүс яагаад уулзаж болдоггүй юм бэ. Энэ санаачлагыг ахмадууд маань гаргасанд баяртай байгаа. Би Дамдин, Лантуу дарга нарын гэрт нь очоод ярилцаж байсан. Уулзаж, ярилцсаны дараа цаашид асуудал яаж ч өрнөж болно. Монгол Улсын сайн сайхны төлөө их зүйлийг хийж бүтээсэн ахмадуудынхаа үгийг сонсох хэрэгтэй. Зүгээр нэг улс төр хийх биш, хамтдаа улсаа аврах, хөгжүүлэх асар том концевцыг ярих ёстой.Цаашид таван жилийн дотор улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээш нь татах хүч бидэнд байгаа. Тиймээс улс орныхоо хөгжлийн төлөө аль ч хүчинтэй хамтарч, уулзах ёстой. Гурван сая хүн нэг нэгэнтэйгээ уулзаж зөв бодлого гаргасан хүнээ дэмжих хэрэгтэй. Бүгдээрээ хүчээ нэгтгэх хэрэгтэй байна.

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг орлогч Ц.Шаравдорж:

-Ахмадууддаа баярлаж байна. Эртнээс эвсэх асуудлыг ярих ёстой байсан. Өнгөрсөн жил би манай хоёр нам хамтрах асуудлаар МАН, МАХН-ын гишүүд дэмжигчдэд хаяглаж ил захидал бичиж байсан. Нэг л урагшаа явдаггүй учир шалтгаан байдаг.

Гэхдээ одоо бид энэ асуудлыг ярих цаг болсон. Ахмадуудаараа хэлүүлэлтгүй санаачлага гаргах ёстой байсан. Гэхдээ муу нуухаар сайн илчил гэдэг учраас энд хэдэн зүйлийг хэлэх нь зүйтэй байх. МАХН-ын хувьд өргөх бичигт ихээхэн ач холбогдол өгч байгаа. Хоёр нам хамтрах асуудлаар олон зүйлийг ярьж тохирох хэрэгтэй. Өөрсдийнхөө үнэт зүйлсийг хүндэтгэх ёстой. Хоёр намын дунд том жижгийн тухай асуудал байж таарахгүй. Гэвч, МАН-ын зарим гишүүдийн дунд том намын өвчин байна. Зарим нь өргөн барих бичиг өгсний дараа МАХН манай руу ирэх ёстой гэсэн байна. Энэ өвчин амь бөхтэй байна. Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй энэ намууд бүгд хуулийн өмнө адил. Ер нь цаашид бие биедээ хүндэтгэлтэй байж ойлголцож, хамтарч ажиллана. Нөгөө талаасаа МАН-ын нөхдүүдийн дотор дараагийн асуудалд санаа зовсон байдал харагдаад байх юм. Албан тушаал бол дараагийн асуудал. Улс эх орон гүн ангалын ирмэг дээр очсон энэ нөхцөлд ангалын цаана гарах үгүйгээ мэдэхгүй байж албан тушаал боддог сэтгэхүйтэй байж болохгүй. Энд байгаа бүх хүн бодох хэрэгтэй. Манай ахмадууд МАН-ынханд хэлэх ёстой. Тийм учраас ач холбогдол өгч яриад байгаа бидний үг үнэн шүү. Хамтрахын тулд асуудал хоёр талтай гэдгийг ойлгоосой. Бид хамтарна гэж яриад, хүсээд байдаг. Хэрвээ МАН-ынхан ийм хүсэл зориг гаргахгүй бол яах юм. Бидний өмнө дөрвөн хаалга байгаа гэж өмнөх уулзалтад хэлсэн. Тэдний нэгийг татах л болно. МАХН-ынхан бусдад захируулаад яваад байхгүй. Улс төр л бол улс төр. Бид МАН-ын гишүүд дэмжигчдээс намын удирдлагад эвсэх, хамтрах алсын хараа, эр зориг байна уу, удирдлага тань эрх мэдэл, албан тушаалаа түрүүнд нь тавиад байна уу гэж асуумаар байна. Үүнийгээ хэлэх хэрэгтэй. Түүнээс наанаа нэг зүйл ярьдаг, цаанаа өөр юм хийдэг байж болохгүй. Би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ажил хэрэгч сайхан уулзалт хийсэн. Зөв бодолтой залуу байна лээ. Гэвч дараагийн өдөр нь хойшлуулах зүйл ярьж байна. Үүнийг анхаараасай. МАХН-ынханд итгэж болно. Бид үнэт зүйлсээ хэрэгжүүлж, хамгаалахын төлөө зүтгэнэ. Үүнд та бүхний тавьсан санал нийцэж байгаа.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

-Миний хувьд хэлэх үгээ өмнө нь ахмадуудтайгаа уулзахдаа хэлсэн. “Зууны мэдээ” сонины арваннэгдүгээр сарын 5-ны дугаарт бүрэн гарсан. Энэ үг хэвээрээ байгаа. Зарим шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүсийн үгийн цаана сайхан сэтгэл байгаа байх. Энэ асуудал бол хоёр нам биенийхээ өөдөөс алхах асуудал учраас шийд гаргахгүй. Намын гишүүд дарга нар санаа бодлоо илэрхийлсэн сайхан уулзалт боллоо. Та бүхэн МАН-ынхан бас ингэж уулзаж яриасай. Түүний дараа өөр олон алхам хийнэ. Ахмадууд чухал асуудлыг өргөн барьж хамгийн эхний алхмыг хийлээ. Бид та бүхнийг хүлээн авч гүйцэтгэх товчооны хурал дээр ярьснаараа хоёр дахь алхмыг хийлээ. Өөрөөр хэлбэл, өөд өөдөөсөө хоёр алхлаа. Ард түмнээ баярлуулахын төлөө хамтарч ажиллая.