Өрхийн үйлдвэрлэл эрхлэвэл төрөөс дэмждэг
2015/11/17
“Хөдөлмөр - Хөгжлийн үндэс” Нийслэлийн хөдөлмөрийн чуулган өчигдөр боллоо. Энэхүү чуулган нь орон даяар бүсчлэн зохион байгуулагдаж байгаа ажээ. Энэ удаагийн Нийслэлийн чуулганаар хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, нийслэлд тулгамдаад буй хөдөлмөр эрхлэлтийн асуудал, иргэдийн ажилгүйдэл түүнээс үүдэлтэй орлогын хомсдол зэргийн талаар хэлэлцсэн бөгөөд эдийн засгийн хямралын үед хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхой болгон боловсруулж, гарсан санлыг шийдвэр гаргагч нарт хүргүүлэх зорилготой ажээ.
Энэ онд 38481 иргэн ажил хайж, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин 8027 иргэн дүүргийн хөдөлмөрийн хэлтсээр дамжин ажилд орсны 1.9 хувь нь төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт, 7.8 хувь нь төсөвт байгууллагад ажил зуучлуулжээ. Үүнээс гадна энэ жил 13463 ажлын байр шинээр бий болсон юм байна.
Мөн энэ удаагийн чуулганд Хөдөлмөрийн яамнаас дэмжлэг авсан өрхийн үйлдвэрлэгч нар оролцож, хийж буй бараа бүтээгдэхүүний дээжээсээ танилцуулсан юм. Тэд жинхэнэ монгол брэндийг үйлдвэрлэж байгаа нь харагдаж байлаа. Тухайлбал манайд үйлдвэрлэсэн өвлийн дулаан табчиг ихэнхдээ хатуу эсгийгээр хийсэн харагддаг бол энд ирсэн Сонгинохайрхан дүүргийн өрхийн үйлдвэрлэгч бүх насны хүнд таарахыг янз бүрийн загвараар, хурганы ноосоор урласан байна.
Хурганы ноосоор ингэж хийхэд маш зөөлөн бөгөөд хөнгөн дулаан байхаас гадна эдэлгээ сайн даадаг аж. Мөн хүүхдийн гоёлын дээл ууж, ноос, ноолууран бээлий, цамц эсгий эдлэл зэрэг нэлээд бараа бүтээгдэхүүн харагдана лээ.
Баянзүрх дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Наранцэцэг арьсан эдлэлийн урлалаа авчирсан байлаа. Түүний урлалын талаар сонирхоход ийм байна.
-Хэзээнээс арьсан эдлэлээр, бэлэг дурсгалын урлал хийж байна. Өөрөө урладаг уу?
-Манай гэр бүл үүнийг хийж амжиргаагаа залгуулаад 10 гаруй жил болж байна. Би охин Л. Март хүргэн Б.Дамсранжамц нартайгаа ийм өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг юм. Хүргэн маань их гарын дүйтэй болохоор зурж, урлах зүйлийг нь хийнэ. Бусад туслах жижиг зүйлийг охин бид хоёр хийнэ.
-Түүхий эдээ хаанаас авдаг вэ. Үүнийг хийгээд хэр ашигтай байна?
-Ширээ захаас худалдаж авна. Мөн будаг авдаг. Яахав болж л байна. Гайгүй ээ. Энэ байгаа урлалууд гэхэд л 25 мянгаас 300 мянгын хооронд үнэтэй байгаа.
-Бараагаа хаагуур зарж байна. Хэзээ их гүйлгээтэй байх уу?
-Захиалга ирэхээр захиалгын дагуу бас хийнэ. 96003347 99646868 утсаар захиалга авна. Бэлэг дурсгал зардаг жижиг дэлгүүрүүд байдаг. Түүгээр зарна. Гадаадынхан худалдаж авах их дуртай байдаг юм. Мөн баяр ёслол, хурим найрын үеэр гайгүй зарагдана.
-Хөдөлмөрийн яамнаас дэмжлэг үзүүлсэн үү?
-Өнгөрсөн жил яамны, өрхийн үйлдвэрлэл дэмжих сангаас 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн нь бидэнд их хэрэг болсон.
-Эдийн засгийн хямрал танай борлуулалтад нөлөөлж байна уу?
- Яахав гайгүй байна. Угаасаа л зарагдахдаа зарагдаад, янз бүр л байдаг юм. Тэр жишгээр л байгаа. Гэхдээ хүмүүс их сонирхдог, гадаадынхан ч авах дуртай байдаг болохоор болоод л байна.
Бэлтгэсэн Н.Ганчимэг