УИХ-ын ээлжит сонгууль нэг жил хүрэхгүй хугацааны дараа болох гэж буй. Үүнтэй холбоотойгоор улс төрийн дахин хувиарлалт явагдаж эхлээд байна.

 

МАХН МАН-тай эвсэл болохоор эвслийн удирдлага болон УИХ-д нэр дэвшигчдийн квоттой холбоотой асуудлаар эрчимтэй хэлэлцээр хийж буй бол тус намтай нэг эвсэл болж байсан МҮАН ИЗНН-тай эвсэл болохоор ажиллаж эхэлсэн аж.

 

Мөн шинэ тутам байгуулагдсан ч рейтинг өндөр байгаа Хөдөлмөрийн Үндэсний Намд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар нар элсэхээр тохиромжтой цагийг хүлээж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянгаар удирдуулсан нэгэн шинэ нам байгуулагдаж магадгүй тухай яриа улс төрийн хүрээнд тарж байна. Тэрээр ч үүнийг үгүйсгэсэнгүй, өчигдөр Төрийн ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр:

 

"25 жил МАН АН-г тусад нь болоод хамтад нь, хэн хэнийг нь олонх, олон болгож янз бүрээр сонголоо. Одоо бүтэн таньсан, бас залхсан. Тэгвэл МАНАН биш бол хэн гэж? Сонголт нь алга. Энэ сонголтыг бий болгохын төлөө ажиллах нь миний үүрэг! Гэхдээ яг одоо зарлахад арай эрт байна. Сонгуулийн хууль яаж батлагдахыг харья" хэмээсэн юм.

 

П.Мандах

http://www.sonin.mn