Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар улстөрчид болон судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. Бид энэ удаад өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.

- Монгол улсын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэж байгааг та хэрхэн дүгнэж байна вэ?

- Монгол улс Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалтай орон. 1924 оноос хойш зургаа дахь удаагаа Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах гэж байна. Ойр ойрхон Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах нь буруу үр дагавартай байдаг. Тухайн нийгмийн байгуулал, орчин үеийн өөрчлөлттэй холбоотойгоор өөрчилж болно. Харин одоо Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай ярих боломжгүй цаг үе. Учир нь иргэдийн сэтгэл санаа тогтворгүй, нийгмийн байгуулал өөрчлөгдөж байгаа, сонгууль ойртсон байна. Хариуцлага хүлээх чадваргүй, эрх зүйн чадамжгүй УИХ Үндсэн хуулийг өөрчлөх гэж оролдох нь буруу. Тэгээд ч Монгол улсын Үндсэн хуулийн 26.15-д бүх ард түмний санал асуулга явуулах тухай заагаад өгсөн байгаа. Тэр заалтын дагуу бүх нийтийн санал асуулга явуулахад сонгуульд бэлдэж байгаагаас ялгаагүй бэлтгэнэ. Бэлтгээд, Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулаад, санал асуулга явуулаад, үр дүнг нь нэгтгэх хугацаа байхгүй.

- Яагаад?

- Монгол улсын Үндсэн хуулинд ямар өөрчлөлтүүдийг оруулах гэж байгаа, тэр нь ямар үр дагавар, юугаараа ашигтай, одоогийн нөхцөл байдалд зайлшгүй хийх болсон шалтгаан зэрэг танилцуулгыг нэг сарын турш ард түмэнд мэдээлэх ёстой. Тэгтэл энэ тухай ямар ч мэдээлэл байхгүй байхад өөрсөддөө ашигтай гэсэн хувилбараа ард түмэнд тулгах замаар санал асуулга явуулна гэж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө ямар ч ач холбогдолгүй боломжгүй зүйл болоод хувирч байгаа юм.

- МУҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь их олон шүүмжлэл дагуулж байгаа. Таны хувьд анхаарал татсан зүйл?

- Эрх мэдлийг нэг талд хүчээр төвөлрүүлэх байдлаар хэт жижиг, хуваагдмал байдлаар оруулж өгсөн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр парламентын эрх мэдлийг илүү их болгох гэж байна. Парламент нь өөрөө хариуцлага хүлээх чадваргүй, хэн нэгэн хариуцлага хүлээхгүй, нийтийн дунд хариуцлагыг нь орхигдуулдаг болохоор ойлгомжгүй байдал үүсгээд байна. Хариуцлага хүлээх чадваргүй парламентийн эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулна гэж ярьж байгаа нь манай ардчилсан нийгэмд тохирохгүй зүйл.

- УИХ-ын 99 гишүүнтэй болно гэдэгт та ямар бодолтой байна вэ?

- 27 000 – 28 000 хүнийг УИХ-ын нэг гишүүн төлөөлнө гэсэн үг. Энэ нь Улаанбаатар хотын хүн ам ихтэй томоохон хороотой дүйцэхүйц хэмжээ. Нэг хорооноос нэг гишүүн гарна гэсэн үг. Парламентын гишүүнийг 99 болгоно гэдэг нь Сонгуулийн тухай хуулийг өөрчилнө гэсэн үг. Үүнээс гадна засаг захиргааны нэгжийн хуваарилалтуудаас эхлээд маш олон хуулиуд өөрчлөгдөнө. Тэгэхээр МУҮХ-ийн өөрчлөлтийг 6 сарын өмнө хийх ямар ч боломжгүй. Одоо бол цаг хугацааны хувьд өөрчлөх боломжгүй.

- Цаг хугацааны хувьд хэзээ боломжтой вэ?

-Орон нутаг, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу 2017 онд ярих боломжтой. 99 гишүүнийг дагаад гурван сонгууль өөрчлөгдөх тул бүтэшгүй зүйл.

- МУҮХ-ийг товчлохоор ҮХ болчхоод байга тул Үндсэн хууль бус Эх хууль болгоё гэж байгаа. Үүн дээр таны бодол?

- Монголын улсын Үндсэн хуулийг хүмүүс Үндсэн хууль гэж тасалж хэлээд, ҮХ гэж товчилж бичээд байгаа. Гэхдээ албан бичиг хэрэг хөтлөлтөд дээр МУҮХ буюу Монголын улсын Үндсэн хууль гэсэн нэршлээр явж байгаа. Тэгэхээр ҮХ гэдэг үг биш болж байгаа. МУҮХ-ийн нэрийг өөрчлөх шаардлагагүй.

- МУҮХ-тийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор миний асуугаагүй таны хэлэх гэсэн зүйлээр тодруулгаа өндөрлөе.

- МУҮХ-д оруулах гэж байгаа 50 өөрчлөлтийг өнөө маргаашгүй зайлшгүй хийхгүй бол Монгол улс хөгжих боломжгүй болчихоод байгаа юм биш. Тиймээс сайтар судалж, ҮАБЗ-өөс эхлээд эрх бүхий байгууллагуудаас зөвлөмж авч, ямар өөрчлөлт гарч, үр дагавар, ашигтай болон сөрөг тал зэргийг судлах хэрэгтэй. Хэрвээ Үндсэн хуулиа нэг өөрчлөөд алдвал дахиад засах боломжгүй. Засахын тулд 20-30 жил хүлээх болно. Ард нийтийн санал асуулгаар шийдэх асуудлыг бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа хэдэн гишүүд батлах нь хортой үр дагавартай.

Цаг гарган тодруулга өгсөнд баярлалаа.

А.Баярмаа