Өнгөрсөн жил 16 нярай эмэнд хордож эрүүл мэндээрээ хохирсон билээ. “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг, “Монос-Улаанбаатар” компани лавлахын эмч Д.Жавхлантөгс нарыг энэ хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар ял төлөвлөн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар анхан шатны шүүхээс 2 жилийн ял оноогоод байсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэн яллагдагчаар “Монос”-ыг татах ёстой гэж үзсэн байдаг. Тэгтэл анхан шатны шүүхээс “Монос” болон тус салбарын захирлыг яллагдагчаар татахгүйгээр дахин эмийн санч болон лавлахын эмчийг яллагдагчаар татаад байна.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нь 2014 оны 08 дугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд тус эмийн санд жор баригчаар ажиллаж байхдаа “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосон. Үүний улмаас Г.Маралмаа, Н.Анунгоо, М.Сайн-Алдар, Г.Төгөлдөр, П.Баасандорж, Б.Тамир, Э.Мандах, П.Нандин-Эрдэнэ, А.Хувьтөгөлдөр, А.Энэрэл, Г.Цэгээн, М.Мэргэн, Н.Онжил, Т.Анужин нарын 16 нярай фенобарбиталын цочмог хордлого бүхий хөнгөн зэргээр, 2 нярай болох Э.Хулан, Т.Оюунцацрал нар фенобарбиталын цочмог хордлого бүхий хүнд зэргээр хордсон юм. 2014 оны 08 дугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд “Монос-Улаанбаатар” компани лавлахын эмч Д.Жавхлантөгс нь 18001883 дугаарын утсаар “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэн Ч.Энхжаргал, Р.Эрдэнэсүрэн нарт буруу өгснөөс нярай Э.Хулангийн биед фенобарбиталын цочмог хордлого бүхий хүнд зэргийн хордлого, Э.Мандахын бие хөнгөн зэргээр цочмог хордсон. Энэхүү гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг харъяаллын дагуу тухайн үеийн нэршлээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлээд байсан юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Энэ хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг. Үүний дагуу эмийн санч болон лавлахын эмч нарт анхан шатны шүүхээс 2 жилийн ял оноосноос өөрөөр “Монос”-оос өөр хүнд ял оноогоогүй. Давж заалдах шатны шүүхээс энэ хэрэгт эмийн санч болон лавлахын эмч нараас гадна “Монос”-ын дарга нарыг хэрэгт татан оролцуулж, ял оноох ёстой гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт ажилтан нь алдаа гаргасан бол албаны дарга, эсвэл захиралд нь хариуцлага тооцдог. Барилгын компанийн удирдлагууд үүний тод жишээ гэж хэлж болно. Тэгтэл энэ хэрэгт Моносын ажилтнуудад л хариуцлага тооцуулах гэж байгаагаас захирал, дарга нарт огт арга хэмжээ тооцох талаар яригдахгүй байгаа ажээ. Өнөөдөр хохирогч хүүхдүүдийн эцэг эх эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол гэж 50-70 сая төгрөг нэхэмжилж байгаа юм байна.

Ирэх даваа гарагт Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эмийн санч, лавлахын эмч нарыг дахин шүүх гэж байгаа ч “Монос”-ын дарга нарыг сэжигтэн, яллагдагчаар татаагүй аж.

Хуулиа ч бодсон, хариуцлагаа ч бодсон “Монос”-ынхон эмийн санч, лавлахын эмчээ “үнсэнд хаясан шалз” шиг орхиж болохгүй л байх. Хохирогч нарын ар гэрт 1.5 саяыг өгөөд асуудлаас мултрах гэж байгаа нь жудаггүй үйлдэл гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна.

Шүүх хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа