Үндсэн хуулийн цэц энэ долоо хоногт хоёр асуудлыг хянан хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана
2015/11/23
Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүйгээр Улсын Их Хурлын нэг гишүүний саналаар Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх нөхцөлийг бий болгосон нь Засгийн газар танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж улмаар түүний холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр энэ лхагва гарагт Цэц хуралдахаар товлов.
Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд, “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасан нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг энэ баасан гарагт болох хуралдаанаараа эцэслэн тогтоох болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.