Энэ долоо хоногийн засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталжээ.

Энэхүү жагсаалтад :

- Эгийн голын усан цахилгаан станцыг барих

- Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэл хийх

- Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих

- Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх

- Мах боловсруулах 12 үйлдвэр барих

- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх

зэрэг төслүүд багтсан байна. Хуралдааны үеэр төслүүдийг Хятадын талд уламжлах, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох хүмүүст даалгажээ.

Зээлийн ашиглагдаагүй үлдэгдлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа

Мөн энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн ашиглагдаагүй үлдэгдэл болох 244.5 сая ам.долларын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа.

Жагсаалтад :

- Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл

- Ухаалаг боловсрол төсөл

- Харгиа урьдчилсан цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл

- 10 аймгийн дулааны станц барих төсөл

- Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл

- Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим гавын хяналтын систем байгуулах төсөл

- Хууль сахиулах их сургуулийн төв байрны сургалтын лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл багтсан байна.

Т.Буянаа