Нэг улс төрийн хүчин асуудлыг мушгин гуйвуулж байна
2015/11/25
Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сүүлийн үед тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээ олон нйитэд цацагдаж буй тул мэдээлэл хийж буйгаа тэрбээр тайлбарлав.
Мөн “УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдалтай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий шалгалтын хамтарсан ажлыг хэсгийн хурал өнөөдөр болох байсан ч болоогүй. Энэ хурал эхлэхээс өмнө тараагдсан материал дээр зөв зүйтэй тайлбар өгөх хэрэгтэй боллоо. Түүнчлэн энэ ажлын хэсэг бол Хөгжлийн банкыг шалгах бус олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаас буюу Чингис бондын арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөлд үнэн зөв үнэлэлт, дүгнэлт өгч холбогдох байнгын хороодод танилцуулах үндсэн зорилготой. Уг ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх багт Сангийн яам, Үндэсний аудитын газрын төлөөлөл болон Хөгжлийн банкны зүгээс би багтаж ажиллаж байна” гэлээ.
Гэтэл харамсалтай нь ажлын явцад аливаа нэг байгууллагыг шалгаж байгаа мэтээр ялангуяа Хөгжлийн банкыг шалгаж буйгаар асуудлыг гуйвуулж олон нийтэд танилцуулж байгаа нь Хөгжлийн банкны тухай хуульд заасан хэд хэдэн зарчмыг зөрчихөөс гадна байж болохгүй асуудал. Монгол Улсын Хөгжлийн банк бол улс төрөөс хараат бус байгууллага. Иймд зөв мэдээллийг олон нийтэд хүргэх болон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөрцгүй байдалд хүргэж байна. Тодорхой улс төрийн хүчний зүгээс асуудлыг мушгин гуйвуулж, улстөржүүлэх гэж оролдож байгаа нь болохгүй юм.
Ажлын хэсгийн зарим гишүүдийн зүгээс өнөөдөр өглөө байнгын хорооны гишүүдэд тараасан материал дээрх дүгнэлтэд бичсэн байсан мэдээллийг Хөгжлийн банкны зүгээс мэргэжлийн түвшинд учир дутагдалтай байна гэж үзэж байгаа. Энэ тайланг боловсруулахад зөвхөн улстөрийн нэг хүчний төлөөлөл оролцсон байна. Ашигласан материал нь дандаа үндэслэлгүй, хаа нэгэн газраас олж ирсэн материал байх юм. Үндэсний аудитын газраас манай байгуулагад хоёр удаа гүйцэтгэлийн аудит хийсэн. Үүний дүнг албан ёсор УИХ-ын байнгын хороодод танилцуулаад, Их хурлын сайтад тавьж байсан. Гэтэл судлаад зөрчилгүй гэж тогтоосон, тодорхой асуудлаар няцаасан байгууллагын дотоод бичиг баримтыг уг дүгнэлтэд ашигласан байна. Үүнээс гадна Сангийн яамны ажлын хэсгийн шалгалт гэж нэрлээсэн учир битүүлэг материал яваад байгаа. Энэ талаар сангийн яамнаас тодруулахад ийм материал байхгүй гэсэн. Хаанаас ийм үндэслэлгүй материалууд орж ирснийг тодруулахаар бид ажиллаж байна.
Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Хөгжлийн банк УИХ-аар батлуулаагүй төслийг санхүүжүүлсэн. Зөвхөн Засгийн газрын тогтоолоор төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн нь хууль зөрчсөн. УИХ-аар батлуулах хуультай байдаг гэсэн. Энэ асуудалд тайлбар өгөөч.
-Ажлын хэсгийн дүгнэлт гэдэг материал байхгүй. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаагүй байгаа. Зөвхөн улс төрийн хүчний оролцоотойгоор боловсруулсан баримт бичиг байна лээ. Би гарын үсэг зурсан гишүүдийг нь харсан. Тийм болохоор үүнийг ажлын хэсгийн дүнэлт гэж авч үзэх боломжгүй. Энэ дүгнэлтэд дурдсан материалуудыг Үндэсний аудитын газраас шалгачихсан байгаа. Хоёр удаа шалгасан. Гүйцэтгэлийнх нь тайлан байж байна. Албан ёсоор УИХ, олон нийтэд танилцуулсан. Тэгэхээр өнөөдрийн гаргасан дүгнэлтүүд бол үндэслэлгүй юм. Хөгжлийн банк бол хуулийнхаа дагуу зөвхөн УИХ, Засгийн газраас баталсан төслүүдийг санхүүжүүлдэг. Бусад замын ажил зэргийг мэргэжлийн байгууллага зохих түвшинд шалгаад дүгнэлт нь гараад явж байгаа асуудал. Зарим үндэслэлгүй материал эсвэл сонин сэтгүүл дээр гарсан гүтгэлгийн шинж чанартай гарсан асуудлыг хүртэл тайлан гэж нэрлээд байгаа материалдаа оруулсан нь уншигдаж байна лээ. Харамсалтай байна. Уул нь ийм түвшинд ажилламааргүй л даа юм. Мэргэжлийн байгууллагын үнэлгээ дүгнэлт дээр асуудлаа үндэслэж ярих нь зүйтэй байх.
-Улсын төсийн алдагдлыг нөхөхөд Чингис, Самурай бондын мөнгийг зарцуулсан гэдэг дүгнэлт хийсэн байсан.
-Улсын төсвийг нөхөхөд бондын мөнгөнөөс зарцуулах ямарч боломж байхгүй.
-Увсад хоёр тэмбумаар зам тавих ажилд Хөгжлийн банкнаас 10 тэрбум төгрөг шилжүүлсэн. Энэ нь ирэх оны төсөвт суучихсан гэсэн мэдээлэл байна.
-Энэ асуудлаар холбогдох газруудыг ялангуяа Гудамж төслийг холбогдох тайлбараа өгөөч гэсэн хүсэлт тавиад байгаа. Үүн дээр бид судалгаа шинжилгээ хийсэн. Сангийн яамны шалгалт гэж нэрлээд байгаа материал бий шүү дээ. Энэ бол түүнд орсон буруу ойлголт байна лээ. Хоёр тэрбумын зам гээд байгаа асуудал нь Гудамж төслийн ажилд ороогүй орон нутгийн зам байгаа байхгүй юу. Гудамж төсөл бол замаас гадна газар доорх шугам сүлжээ уулзварыг засах огт өөр ажлыг хийж байгаа. Гэтэл Гудамж төслийн энэ ажилд ороогүй, хамаагүй орон нутгийн замын асуудлыг андуурчихсан юм билээ. Тэгэхээр энэ мэтийн алдаа дутагдалтай асуудлыг үндэслэлгүйгээр, мэргэжлийн бусаар аваад, шууд УИХ-ын түвшинд олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл гаргаж байгаад нь харамсаж байна. Холбоогүй асуудлыг нэг ажил мэтээр ойлгуулах нь маш буруу.
-Ажилчдаа өндөр төлбөртэйгөөр гадаадад эмчлүүлсэн гэсэн мэдээлэл олон нийтийн хуудсаар гарч байсан.
-Манай байгууллагын талаар нэг төөрөгдөл яваад байдаг. Манайх бол төсвийн байгууллага биш улсын төсвөөс санхүүжилт авдаггүй. Өөрийн орлого ашигт ажиллагаагаар санхүүждэг. Эрх зүйн статусаар ХХК. Зуун хувь Засгийн газрын өмчийн. Манай ажилчид маш сайн ажилласан. Гурван жилийн турш монгол ажилчдын маань бий болгож чадсан ашиг орлого 240-250 тэрбум төгрөг болж байгаа. Хэн нь жинхэнээсээ ажиллаад хэн нь харлуулаад байдаг нь энэ тооноос харагдах байх. Гранд мед гээд монгол эмнэлэгт жилд нэг удаа ажилчдаа үзлэгт оруулахад 40 гаруй сая төгрөг болсон. Улсын төсөв, бондын хөрөнгө энд хамаа байхгүй. Бид бие даасан байгууллагын хувьд ийм ажлаа хийгээд явалгүй яахав. Манайх 100 гаруй ажилтантай. Ажлын ачаалал маш өндөр байдаг. Хүний эрүүл мэндийн асуудлыг жижиг улс төрийнхөө хар ажлын нэг болгож ашиглахгүй байвал хүний ёсонд нийцэх байх. Мөн манайх ажилчдадаа буцалтгүй тусламж үзүүлж болдоггүй. Зээл гэдэг утгаар нь тусалдаг.
-Зохих хуулийн байгууллагад хандана гэлээ.
-Аливаа байгууллага, иргэний нэр хүндийг унагаах зорилгоо гүтгэх нь Монгол Улсын хуулиар хориотой. Үүнийг зөвөөр шийдүүлэх нь шүүхэд хандах зам байгаа. Тэгэхээр шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэнэ.
Б.ХҮЛЭГ