Б.Амарсайхан Азийн дэлхийн кино фестивалийн УЗ-ийн хүндэт гишүүнээр сонгогдлоо
2015/11/25
Лос-Анжелес, Калифорниа (asianworldfilmfest.org) – Энэ сарын эхээр АНУ-ын Лос-Анжелес хотноо “Asian World Film Festival” амжилттай болж өнгөрлөө. Ази, Холливүүдийн кино уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадмуудад танилцуулах зорилготой тус наадам анх удаагаа зохион байгуулагдсан юм. Азийн 50 гаруй улсын кино уран бүтээлчид “Golden Globe”, Emmy”, “Oscar” зэрэг нэр хүнд бүхий дэлхийн томоохон кино наадмуудад нэр дэвшээд байгаа кинонуудаа түмний хүртээл болголоо.
Тус наадамд жүжигчин Б.Амарсайханы гол дүрд нь тоглож, продюсерээр ажилласан “Бодлын Хулгайч” киног наадмын гол гурван үзвэрийн нэгээр урьж, оролцуулсан. Нийт 30 кино бүтээл өрсөлдөж 7 бүтээл нь шагнал хүртсэн тус наадмаас “Бодлын хулгайч” кино шүүмжлэгч, уран бүтээлчид болон үзэгчдээс өндөр үнэлэлт авч, “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртсэн байна.
Үүнтэй зэрэгцэн жүжигчин Б.Амарсайханыг тус кино наадмын Удирдах Зөвлөлийн Хүндэт гишүүнээрээ санал нэгтэй сонгож, батламж гардуулсан байна. “Oscar”-ын шагналт, нэрт продюсер Andre Morgan, “Hollywood Schoolhouse”-ийг үүсгэн байгуулагч Ferris Wehbe, Лос Анжелес хотын захирагч зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр сонгогдож байжээ.
Олон улсын хэмжээний, нэр хүнд бүхий энэхүү фестивалийн зөвлөлд монгол хүнд багтсанаар Монголын кино уран бүтээлчдийн бүтээлийг гадаад зах зээлд танилцуулах, бусад орны шилдэг бүтээлүүдтэй эн зэрэгцэн олон улсын нэр хүнд бүхий наадмуудад оролцох, өөрсдийн чадвар, чадамжийг шалгах томоохон боломж, үүд хаалгыг нээж буй юм.