Нэр дэвшигч ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх эсэх нь одоо шийдэгдэнэ
2015/11/27
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасан нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг өмнө нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гаргасан билээ.
Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд, түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан яг одоо эхлэх гэж байна.
Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Ж.Өлзийсайхан, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар оролцох юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.