АНУ-ын виза гаргана гээд 4500 ам.доллар залилжээ
2015/11/27
Фэйсбүүк зараар залилан хийсэн этгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, Фэйсбүүкт АНУ-ын виза найдвартай гаргана гэсэн зар байршуулж, зарын дагуу хандсан иргэний гадаад пасспортан дээр хуурамч наалт нааж өгөөд 4500 ам.доллар залилсан байна. Улмаар иргэн Д цагдаагийн байгууллагад хандсанаар уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байгаа ажээ.
Үүнээс гадна Фэйсбүүк зарын дагуу залилан хийсэн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал Samsung Galaxy S6 гар утас зарна гэсэн зарыг Фэйсбүүкт байршуулсан иргэний гар утсыг худалдан авна хэмээн уулзсан байна. Улмаар одоохон мөнгийг чинь өгнө, утсыг эгчдээ үзүүлчихээд ирье гэж хэлээд утсыг нь аваад зугтсан хэрэг гарсан бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.
Фэйсбүүк, твиттер зэрэг интернэт орчинд тавигдсан зарын дагуу уг хүнээ таньж мэдэхгүйн улмаас ямар нэгэн байдлаар залилуулсан тохиолдол гарсаар байгаа бөгөөд иргэд анхаарал болгоомжтой хандахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.