“Улаанбаатар таймс” сонины хуучин барилгын дуудлага худалдаанд оролцон өнөөдөр ялалт байгуулсан Абдул Карим хэрэгт холбогдож байжээ. Тодруулбал 2014 оны долоодугаар сард “Хумбаа” ХХК-ийн нэхэмжлэлтэй түрээсийн гэрээний маргаанаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дуудагдаж байсан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ буцааснаар хэрэг хаагдсан юм байна.

Түүнчлэн Катарын Батлан хамгаалахын сайдад олгосон 35 идлэг шонхрын зөвшөөрлийг Абдул Карим ахалж байсан бөгөөд тэрбээр өөрөөсөө гадна 20 хүний нэрсийн жагсаалтыг хавсаргасан байгаа гэж БОНХЯ-аас энэ сарын 10-нд мэдээлж байжээ.

Мөн тэрбээр Иракийн иргэншлээс гарч, манай улсын иргэн болсон ч одоогоор тодорхой бизнес эрхлэхгүй байгаа, Абдул Карим нь Мон-Ураны Б.Наранхүүгийн найз бөгөөд уг газарт 68 давхар "MONGOL TOWER" барих гэнэ гэх мэдээллүүд байна.

Абдул Карим нь 2012 онд Монголын улсын иргэн болсон бөгөөд монгол эхнэртэй, 60 орчим настай, Монголд ирээд 30 гаруй жил болж байгаа төдийгүй ирэхдээ маш их хэмжээний хөрөнгөтэй ирсэн аж. Уг нь манай улсын хуулинд зааснаар гадны иргэн Монголд ирээд дор хаяж 2 үеэрээ амьдарч байж Монголын иргэншилтэй болох ёстой гэжээ.

Н.Чимэг