Абдул Карим гэх Монгол улсын иргэншилтэй хүн өчигдөр хотын төвийн тодруулбал төрийн ордны хажуугийн 7 тэрбум 155 сая төгрөгөөр үнэлэгдсэн “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан.

Гадаад төрхтэй Монгол Улсын иргэн ийнхүү өндөр үнээр худалдан авсан нь олон хүний анхаарлыг эрхгүй татаж байгаа. Тэгвэл Абдул Карим нь Ирак улсын иргэн байсан. Бээжин дэхь Иракийн элчин сайдын яаманд ажиллаж байсан. 2000 оны эхээр Монгол улсад орж ирсэн. Улмаар 2012 онд Монгол улсын иргэн болсон. Хотоос зайдуу хувийн хаустай. Өөрөөсөө 10 орчим насаар дүү Монгол улсын иргэн Балжинням гэх бүсгүйтэй гэрлэсэн. Балжинням нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хамаатан.

Түүнийг Барсболдоос эхлээд Байгаль орчны үе үеийн сайд нартай найзууд гэдэг. Монгол улсад шонхрын бизнес эрхлэгчид Абдул Каримыг анддаггүй юм билээ. Тийм болохоор шонхрын наймаагаа тасалдуулахгүйн төлөө үе үеийн сайд нартай зузаан нөхөрлөдөг гэх яриа бий. Тэрбээр Монгол “хов хоосон” ирсэн бөгөөд шонхрын наймаагаар баяжсан гэдгийг олон хүн ярьдаг. Тодруулбал Монгол улс шонхроо 6000- 8000 ам.доллараар үнэлдэг. Харин олон улсад шонхрын үнэлгээ багадаа 20 000 ам.доллар байдаг. Шонхроор аравхан жилд яаж баяжсаныг нь амьдарч байгаа гэрээс нь харж болно гэж олон хүн ярьдаг.

Түүнтэй утсаар холбогдоход Монголоор тун цэвэрхэн ярьж байсан. Абдул Карим дуудлага худалдааны талаар болон ямар барилга барих талаар тодруулахад Катарын компанийг төлөөлөн оролцсоноос өөр зүйлгүй гэдгийг хэлж байсан. Тодруулга авах гэхэд эвтэйхэн татгалзаж байсан.

Тэрбээр өөрийн “экс” улсын удирдагч Саддам Хуссейнтэй адил лалын шашинтай ч түүнийг цаазлуулах хүртэл сэтгэл амар байгаагүй гэх. Учир нь лалын шашинтнууд дотроо Суннит, Шийт хэмээн хоёр талцдаг бөгөөд тэдний хооронд үргэлж зэвсэгт мөргөлдөөн гардаг. Иракийн экс удирдагч Суннит бол Абдул Карим Шийт тул амьд явах баталгаа ховор байсан гэж үздэг байж. Харин 2000 оны эхээр Монголд ирээд сэтгэл амар тайван амьдрах болсон гэдгийг ойр тойрныхон нь ярьдаг.

Хотын төвийн А зэрэглэлийн газрыг Монгол улсын иргэн авсан ч гадаадууд тэнд нь барилгаа бариад үйл ажиллагаа явуулах байх. Гол нь хамаг муугаараа дуудуулдаг 76, Засгийн газар, Ерөнхийлөгчийн ажил хэргээ явуулдаг ордонгоос ганцхан замаар тусгаарлагдаж байгаа нь тагнаж чагнах зэрэг олон хардлага төрүүлж байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдал гэх мэтээр олон асуудал хөндөгдөх биз. Гадаадын жуулчид ихээр татах байх гэсэн сайхнаар бодоод өнгөрч болох ч Үндэсний аюулгүй байдлаа бодоод Тагнуул нь, АТГ нь шалгах бизээ.

А.Баярмаа