Нийслэлийн зарим чиг үүргийг Хархоринд шилжүүлэх асуудлаар хэлэлцэнэ
2015/12/01
Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг эзэн Чингис хааны зарлигаар байгуулсны 795 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан энэ сарын 4-нд Төрийн ордонд Хархорумын түүх судлалаар эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн болох ажээ. Хурал үзэсгэлэнг Хархорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, ШУА, Хархорин сумын ИТХ, ЗДТГ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах юм байна.
Уг асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, БСШУЯ-ны Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Мөнх-Очир, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Ш.Энхтөр, Хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн Л.Эрдэнэбаяр хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.
Эртний нийслэл Хархорум хотын түүх, соёл, археологийн дурсгал, хамгаалалтын асуудал, Хархорин сумын нийгэм, эдийн засаг, хэтийн хөгжлийн асуудал гэсэн хоёр хэсэгтэйгээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажээ. Сүүлийн үед Хархорумын түүхийн судалгааны ажил нэлээд идэвхжиж, шинэ шинэ судалгааны бүтээл төрөн гарчээ. Энэ чиглэлд хамтран ажилладаг Герман, Турк, Японы эрдэмтэд мөн энэ хуралд оролцоно. Мөн Хархориныг жишиг хот болгон хөгжүүлэх, улсын нийслэлийн зарим чиг үүргийг Хархоринд төвлөрүүлэх, цаашид нийслэл болох боломжтой эсэх асуудлаар эрдэмтэн, судлаачдын санаа бодлыг сонсч уриалга хүргүүлэх юм байна.
1220 онд их эзэн Чингис хааны зарлигаар байгуулагдсан Хархорум нь Их Монгол Улсын нийслэлээр 40 жил, Монголын улстөр, нийгэм, эдийн засаг, соёл, шашны төвөөр нийтдээ 300 жил болсон түүхтэй. Харин ардчиллын он жилүүдэд Хархориныг улсын нийслэл болгох асуудал яригдаж, 1998 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин, Д.Лүндээжанцан нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байжээ. 2004 онд Хорхориныг жишиг хот болгон хөгжүүлэх УИХ-ын шийдвэр гарч, уг асуудлаарх судалгаа, тооцоогоо эрдэмтэн, судлаачид гаргасан байна. Цаашид энэ чиглэлээр судалгаа, тооцоог нарийвчлан хийх ёстой гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. Ирэх жил мөн Хархорин сум байгуулагдсаны 60 жилийн ой болох аж.
Эдгээр үйл явдалтай холбогдуулан арванхоёрдугаар сарын 2-ны 19.00 цагт "Хархорин мину" хандивын тоглолт болох юм байна.
Зочин · 2015/12/01
МАН-ЫНХАНД БУУДУУЛСАН 40000 МОНГОЛЧУУДЫГ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛАХ ХЭРЭГГҮЙ ГЭЖ МАРТ ГЭЖ ХЯТАДЫН УЛААН ХАМГААЛАГЧИД Л ХЭЛЭХ БАЙХДАА. МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛ ХҮМҮҮС ЯАЖ МАРТАХ ЮМ. ШҮХ 88583399