Цахилгаан эрчим хүчний үнэ 5 удаа нэмэгджээ

Эрдэнэт үйлдвэр ХХК нь зундаа 80-95 мВт, өвөлдөө 95-115 мВт эрчим хүч хэрэглэдэг. 2015 оны сүүлийн хагас жилээс Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтанд орсонтой холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 15-20 хувиар нэмэгдсэн. 2014-2015 онд Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хорооноос 1 кВт/цаг эрчим хүчний үнийг 5 удаа нэмж, 2013 онтой харьцуулахад эрчим хүчний үнэ 23 хувиар нэмэгдсэн нь зэсийн үнэ буурч байгаа энэ үед компанид хүндрэл учруулж байна. Тиймээс компанийн хэмжээнд эрчим хүч хэмнэх олон талт арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Тухайлбал, үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжүүдийг автоматжуулах, эрчим хүч хэмнэх инновацийн төслүүдийг хэрэгжүүлж, хүчин чадал өндөртэй тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг эрчим хүч хямд зонд хийх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

Өнөөдрийн байдлаар жилд 5 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын хоёр дахь шатны өргөтгөл удахгүй хийгдэнэ. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 50 хүртэл хувийг үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Үнэ нэмэгдэж, хүндрэл учруулж буй энэ үед эрчим хүч хэмнэх, сэргээгдэх эрчим хүчийг “Эрдэнэт” үйлдвэрт нэвтрүүлэх, хэрэглэх зорилт тавьж байна гэж “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйн хэлтсээс мэдээллээ.

У.Цэрэнбат