Ган бөөрөнцөгийг Монголчууд хийжүүлсэн нүүрсээр үйлдвэрлэж эхлэв

Дэлхийн зах зээл хямарч, зэсийн үнэ буурсаар байгаа өнөө үед Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн явуулж, улс орон болоод ажилчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хямралд сөхрөхгүйн тулд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан экспортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж хэмнэлт гарган ажиллаж байна.

 

Үйлдвэрийн удирдлагууд хямрал болж, зэсийн үнэ буурсан гэх шалтаанаар ажилчдынхаа тоог бууруулж, хөсөр хаяахыг хүсээгүй төдийгүй олон арван ажлын байрыг бий болгосоор байгаа нь сайшаалтай. Ийнхүү өгүүлэхийн учир тус үйлдвэр нь ган бөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтад оруулсан явдал юм. Тус цехийн хийжүүлэх зуух ашиглалтад орсноор жилд 2 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарах бөгөөд шинээр 16 ажлын байр бий болсон байна.

 

Эрдэнэт үйлдвэрийн нээлттэй хаалганы өдрийн хүрээнд энэ бүгдийг үзэж сонирхох завшаан тохиосныг энд өгүүлэх нь зүйтэй болов уу.

 

Зэсийн баяжмалыг гаргаж авах гол түүхий эд нь ган бөөрөнцөг

Ган бөөрөнцөгийн цехийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, танилцахаар үйлдвэрийн хэсэгт ирсэн зочид төлөөлөгчдийн хөдөлмөр аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтын өмсгөл, малгай, амны хаалт зэргийг өмсүүлж дотогш нэвтрүүллээ.

 

Уурхайчин дууны эгшин дор улаан тууз хайчилснаар дотогш нэвтрэв. Цех рүү орвол хоймор хэсэгт зуух нь байрлаж, ган хайлж байгаа бололтой халуун төөнөж байлаа. Төд удалгүй нар газарт буусан мэт улайссан жижиг бөөрөнцөгүүд цувих машинаар урсан гарч, хөврөн бөмбөрсөөр усаар дамжин хөрч, том төмөр саванд өнхрөн орохыг хараад өөрийн эрхгүй баярлаж, үйлдвэрийн ажилчдаар бахархах сэтгэл төрж байсныг юун.

1080 градусын халуун зуухнаас гарч буй бөмбөлөг нь 850 градустайгаар цувих машинаар дамжин агаарын кабил болон усаар хөргөгдөж, хатуулаг нь тохидог аж. Ган бөмбөлөгийг Баяжуулах фабрикийн хүдрийг нунтаглаж, тээрэмдэхэд ашигладаг гол түүхий эд материал гэдгийг үйлдвэрийн ажилчид энэ үеэр сонирхуулж байлаа.

Ган бөөрөнцөгийг өмнө нь дизель түлшээр хайлж үйлдвэрлэдэг байсан бол өдгөө эх орны баялаг болох нүүрсээр үйлдвэрлэж байгаа нь хамгийн том ололт амжилт, хэмнэлт болж байгаа юм. Түүнчлэн зуухны темпратур,бэлдэц бүтээгдэхүүн, цайрлагын хатуулаг усны темпратур гээд бүхий л зүйлийг дэлгэцээр хянах боломж бүрджээ.

Ган бөөрөнцөгийг дизель түлшээр бус хийжүүлсэн нүүрсээр үйлдвэрлэж эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн технологийн инженер Г.Чулуунаас зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

 

-Ган бөөрөнцөг цувих цехэд нүүрс хийжүүлэх зуух ашиглалтанд хүлээн авч байна. Энэ зуухыг ашиглалтанд оруулснаар эдийн засгийн ямар үр ашиг гарах вэ?

-Бэлдэц халаах зуухыг урд нь хоногт 18-20 сая төгрөгийн өртөгтэй 10 тонн дизель түлшээр халаадаг байсан. Харин энэ онд 1.1 тэрбум төгрөгийн өртөгтэй нүүрс хийжүүлэх хоёр шатлалт зуух барьж ашиглалтанд оруулж байна. Нүүрс хийжүүлэх зуух нь 6000 к/калороос багагүй илчлэгтэй 30-80 мм бүхэллэгтэй нүүрс хэрэглэнэ. Нүүрс хийжүүлэх зуух ашиглалтанд орсноор өндөр үнэтэй нефтийн бүтээгдэхүүнийг нүүрсээр орлуулж улмаар 1 тонн ган бөөрөнцгийн өөрийн өртгийн 33 хувь бууруулах юм. Мөн жилд дизель түлш, нүүсний үнийн зөрүүгээс 1,6 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах аж. Түүнчлэн шинээр 16 ажлын байр нэмэгдэж, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл сайжирна.

 

-Нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтанд оруулахын гаргасан зардлаа хэдий хугацаанд нөхнө гэж тооцож байгаа вэ?

 

-Бид үйлдвэрийн зарлаа нэг жилийн хугацаанд нөхөх боломжтой гэж үзэж байгаа.

-Энэ үйлдвэрлэл нь баяжуулах фабрикийн ган бөөрөнцгийн нийт хэрэгцээний хэдэн хувийг үйлдвэрлэх боломжтой вэ. Мөн бусад үйлдвэрүүд рүү нийлүүлэх боломж байгаа юу?

 

-Ган бөөрөнцөгийн цех нь Баяжуулах фабрикийн ган бөөрөнцгийн хэрэгцээний 95 хувийг үйлдвэрлэх бөгөөд цаашид хэрэгцээнээс давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж цахилгаан станцууд, “Оюу толгой”, Цементийн үйлдвэрийн хэрэгцээний тодорхой хувийг хангана гэсэн зорилт тавин ажиллаж байна.

 

-Тус чехэд нийт хэдэн хүн ажилладаг юм бэ?

-Дахин халаах зуухны хэсэгт 41 хүн, өргөтгөл дээр 16 хүн ажилладаг.

 

-Танай ган бөөрөнцөгийн цех нь ямар хүчин чадалтай, ямар тоног төхөөрөмж ашиглаж, бөөрөнцөг үйлдвэрлэдэг юм бэ?

-Манай цех нь Итали улсын “Даниел центро машин” нэгдлийн МS64 тоног төхөөрөмжөөр тоноглогдсон жилд 50 000 тн тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдсан. Бид Монгол Улсын MNS 4433-97 стандартаар 40, 60, 80, 100 мм-ийн диаметртэй ган бөөрөнцөг үйлдвэрлэж байна. Манай цех импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чанартай ган бөөрөнцөг үйлдвэрлэж, Баяжуулах фабрикийн хэрэгцээг хангаж, гадагшаа чиглэсэн валютын урсгалыг багасган Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулах үндсэн зорилготой ажиллаж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд танай цех хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол?

-Цехийн бэлдэц халаах зуух нь жилд 50000 орчим тонн 40, 60, 80, 100 мм-ийн диаметртэй ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай. Манай цех 19 жилийн хугацаанд 40, 60, 80, 100 мм-ийн голчтой 260 мян.тн ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн. 2012 оноос бүтээгдэхүүний хэмжээ өсөн нэмэгдсээр байна. Ган бөөрөнцөг цувих цех 40-100 мм хүртэлх диаметртэй ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай.

Б.Энхжин