“Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн ажиллагааг 20-25 жил хангах боломж бүрдлээ
2015/11/23
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтворгүй байгаа энэ үед “Эрдэнэт” үйлдвэр үр ашгаа нэмэгдүүлэх, технологийн хоёр дахь шинэчлэлээ өнөөдөр ашиглалтанд хүлээн авлаа. Ган бөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуухтай хамт Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн эргэлтийн ус хүлээн авах, дамжуулах худгийг ашиглалтанд оруулсан юм. Тус үйл ажиллагааг нээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу үг хэллээ. Хаягдлын аж ахуйн ус хуримтлуулах 2-р коллекторыг үйлдвэрлэлд оруулснаар үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил найдвартай хангах боломж бүрдэж байгаа юм.
Эргэлтийн ус хүлээн авах худаг болон коллектор нь хаягдлын санд тунасан усыг хүлээн авч түүнийг эргэлтийн усны насосны станцид дамжуулах, Баяжуулах фабрикийг технологийн усаар найдвартай хангах зориулалттай газар доорх байгууламж юм. Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн ус хуримтлуулах 2-р коллекторын зураг төслийг ОХУ-ын Санкт-Петербург хотын “Механобр Инжиниринг” институт хийжээ. Эрдэнэт үйлдвэр ХХК, “Очир төв” ХХК хамтран 7,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4,1 км шугам хоолой, ус хуримтлуулах 4 худаг, хязгаарлалтын 4 далан, ус дамжуулах 4 сувгийн ажлыг гүйцэтгэсэн байна.
У.Цэрэнбат