“Эрдэнэт” үйлдвэртэй овоолго ашиглах гэрээ байгуулав
2015/10/30
Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Алтанхуяг нар өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн “Оюу” танхимд исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд орон нутаг, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд болон “Зэс Эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчид, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцов. Орхон аймгийн ИТХ, “Эрдэнэт” үйлдвэр, “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн хооронд 2013 онд үйлдвэрийн технологийн бус, исэлдсэн хүдрийн 8а, 12-р овоолгыг түшиглэн жилд 5000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн хэлсэн үгэндээ, гэрээгээр хүлээсэн үүргээ гурван тал хариуцлагатай биелүүлснээр өнөөдрийн түвшинд хүрснийг хэллээ. “Зэс Эрдэнийн хувь” ХК-д Орхон аймгийн 22 мянга гаруй иргэн хувьцаа эзэмшдэг. Хамтран ажиллах гэрээнд зааснаар цаашид бусад иргэн хувьцаа эзэмших бүрэн боломжтой. Орон нутгийн иргэд эх орныхоо баялгаас эрх тэгш хүртэх боломжийг олгосон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, хамт олонд ИТХ-ын дарга талархал илэрхийлээд, Эрдэнэт хотын нийгэм, эдийн засгийн амьдралд чухал үйл явдал болж байгааг онцолсон. “Эрдэнэт” үйлдвэрийн исэлдсэн хүдрийн овоолгыг боловсруулах үйлдвэр барихад 90 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Алтанхуяг хэллээ. Энэ хөрөнгийг 100 хувь зээлээр босгохоор ажиллаж байгаа гэлээ. Зээл авахад Засгийн газрын баталгаа шаардаж байгаа учраас ажил удааширч байгаа ч Хятад, Чех, Америкийн компаниуд хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших талаар санал тавиад байгаа ажээ.
У.Цэрэнбат