Баяжуулах фабрик хэмнэлтийн горимоор ажиллаж байна
2015/09/30
“Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрик хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байна. Фабрикийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар флотоурвалжаас 2 тэрбум 360 сая төгрөг, цахилгаан эрчим хүчнээс 730 сая төгрөг, цэвэр усны хэрэглээнээс 1,2 тэрбум төгрөг, ган бөөрөнцөг болон хуягны зардлаас 2,9 тэрбум төгрөг, үйлдвэрийн бусад цехүүдийн үйлчилгээнээс 2,7 тэрбум төгрөг хэмнэжээ. Эрчим хүч, нормчлогдсон материал зарцуулалтыг багасгах зорилгоор технологийн үндсэн тоног төхөөрөмжийн цагийн ачааллыг зохистой зөв тохируулан, цахилгааны гурван тарифт системийг тоног төхөөрөмжийн засварын ажилтай уялдуулжээ. Хүдрийн шинж чанарт тохируулж урвалжийн горимыг чанд мөрдөн, хэсгүүдийн гадна талбайн болон хонгилын гэрэлтүүлгийг унтраах ажлыг цахилгаан болон технологийн ажилчдад хэвшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Усны зарцуулалтанд онцгой хяналт тавин илүү зарцуулалтыг арилгах зорилгоор Өөрөө нунтаглах хэсгийн Д3000 насосны төв шугамд усны тоолуур тавьж ашиглалтанд оруулжээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрик технологийн тодорхой арга хэмжээ авч, зэс авалтыг 87%, молибдени авалтыг 43%, зэсийн баяжмалын чанарыг 23,5-24%-д хүргэхээр төлөвлөж байна. Үүний үр дүнд 9-р сард 2800 орчим тонн зэсийн баяжмал төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэжээ. Агуулахад байгаа урвалжуудыг ашиглах ажлын хүрээнд Cyquest 3223 урвалжийг үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн байна. Мөн Грат-1400 насосны ашиглалтын хугацааг 213 цаг байсныг 310 цагт хүргэсэн гэж Баяжуулах фабрикийн Үйлдвэр техникийн албаны дарга Б.Намуунгэрэл мэдээллээ.
У.Цэрэнбат