“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий геологич А.Ундрахтамир ордын нөөцийг орчин үеийг арга аргачлал, технологид тулгуурлан нарийвчлан тооцох ажил ахицтай байгаа талаар мэдээллээ. Компанийг 2016-2025 онд хүртэл хөгжүүлэх хөгжлийн концепцийг боловсруулах, нөөцийн хэмжээг илүү нарийн тогтоох, “Эрдэнэтийн овоо” ордод өргөн хүрээний гүйцээх хайгуулын ажил гүйцэтгэсэн байна. Ингэснээр уурхайн ашиглалтын ажлыг илүү нарийвчлан төлөвлөх боломжтой болох аж. Энэ ажлыг Геологи хайгуулын анги 2014 оноос эхэлсэн бөгөөд 1980-аад оноос хойш ийм том хэмжээний хайгуулын өрөмдлөгийн ажил хийгдээгүй бөгөөд Монголчууд өөрсдөө бие даан гүйцэтгэжээ. Монгол улсын туршлагатай геологичид, ордын загварчлал, нөөцийн үнэлгээний ажлаар өндөр мэргэшсэн “Цахиурт хүдэр”, олон улсын нэр хүнд бүхий “Плюс Минералс” ХХК-ийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж “Эрдэнэтийн овоо” бүлэг ордын ашиглагдаагүй үлдсэн нөөцийг нарийвчлан тооцоход шаардлагатай мэдээллийг цуглуулжээ. Ирэх оны эхээр Монгол улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ордын нөөцийг нарийвчлан тогтоож бүртгүүлэх аж. Зэс, молибдений захын агуулгаар тооцоход “Эрдэнэт” үйлдвэрийг цаашид 40 гаруй жил ажиллах нөөцтэй гэдэг ч энэ удаагийн геологийн нөөцийг эдийн засгийн үр ашиг, зэсийн үнэтэй уялдуулан гаргана гэж Геологи маркшейдерийн хэлтэс мэдээллээ.


У.Цэрэнбат